Төмөр замын ХРОНОЛОГИ ба террорист нь хэн бэ?!
Хэрэг хуучирдаггүй л гэдэг. Бүрэн дунд боловсролтой гудамжны зураачаас Монголын тэрбумтан болсон, эрүүгийн хэргийн яллагдагчаас улсын НЭГДҮГЭЭР ХҮН-ээр сонгогдсон түүний намтартай салшгүй холбогдох сэдэв бол шинэ төмөр замын төслүүд. Монголын хууль, шүүх хэдийгээр түүнээс ял асууж чадахгүй байгаа нь үнэн ч хожмоо түүхэнд эдийн засгаа хорлосон, улсаа худалдсан гэж бичигдэн үлдэнэ, гарцаагүй.
“Шанхайн экспо”-г өргөн бүрэлдэхүүнтэй зорьж очсон Ерөнхий сайдын айлчллаар яригдсан хамгийн том, анхаарал татахуйц сэдэв нь “Чайна энержи”-тэй хийсэн хэлэлцээ байв. “Чайна энержи”-ийн зүгээс Гашуунсухайтын төмөр замыг Хятадын төмөр замтай холбох ажлыг бүрэн хариуцах, ингэхдээ урьд өмнө учруулсан хор, хохирлоо бүрэн барагдуулахыг Монголын Засгийн газраас шаардсан байдаг. Эхний ээлжид Хятадын талаас Гашуунсухайтын боомт руу тавьсан нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан нэг тэрбум ам.долларыг Монголын Засгийн газраас нэхжээ. Мөн алдагдсан боломж буюу ашиглаагүй хугацааныхаа зардал 370 сая ам.долларыг шаардсан байна. Нэмэлт санхүүжилт буюу царигийн зөрүү, шилжүүлэн ачих талбай, гүүрэн байгууламж барихад 564 сая ам.долларыг монголчууд гаргахаар болсон байна. Үндсэндээ, Монгол Улс хоёр тэрбум ам.долларыг “Чайна энержи”-д төлж байж төмөр замаар нүүрсээ тээвэрлэх боломжтой болох аж. Төлбөр мөнгөний асуудал дээр хоёр тал тохирч чадвал, гэрээнд
- Төмөр замын холболтын бүтээн байгуулалтыг хийж гурван жилийн хугацаанд ашиглалтанд оруулна.
- Тавантолгойн нүүрсний уурхайд “Чайна энержи” олборлолт явуулна
- Эхний таван жилд жил бүр 27 сая тонн, дараагийн 11 жилд жил бүр 20 сая тонн нүүрсийг “Чалко”-гийн урт хугацааны гэрээний үнээр худалдан авна гэсэн заалтуудыг тусгах гэнэ.
“Чалко”-гийн урт хугацааны гэрээний үнэ зах зээлийн үнээс 15-30 хувийн хямдралтай байдаг. Үүнийг 16 жилээр тооцвол “Чайна энержи”-д зарах 355 сая тонн нүүрсний үнийн хөнгөлөлт 5,3 ам.тэрбум доллар болж байна. Нэг ёсондоо, өнгөрсөн хугацаанд өргөн царигаар төмөр зам барьснаас үүссэн хохирол болох 936 сая долларыг таваар үржүүлэн хятадууд монголчуудыг торгож байна гэсэн үг. Хэрэв нүүрсний үнийг 30 ам.доллараар хямдруулна гэвэл Монгол Улс 10.6 тэрбум долларын алдагдал амсана.
Тэгвэл улсаа барын аманд оруулсан улстөрч хэн бэ гэсэн асуулт эндээс тавигдах нь ойлгомжтой. Худал үгийг мянга давтаад үнэн болчихдоггүй. Монголын төмөр замын бүтээн байгуулалтыг хэн ямар зорилгоор нураасан үг-үйлдэл болгон гүүглэд нэр, мөртэйгөө үлдсэн байна.
Тэгвэл Монголын төмөр замын төсөл хэзээнээс эхлэж яригдсан, ямар шалтгаанаар нурсан болохыг товч тоймлон хүргэе.
2008 онд Монголын Засгийн газраас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” компанид олгосон байдаг. Гэвчиг, С.Баярын Засгийн газарт Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар томилогдож очсоныхоо дараа 2010 онд “Монголын төмөр зам” компанийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь өөрийн бие хамгаалагч Б.Батзаяаг тавьсан агаад Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс”-ээс шилжүүлэн авчээ.
-2012 онд Монголын Засгийн газар дахин “Энержи ресурс” компанитай Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих-ашиглах-шилжүүлэх концессийн гэрээ байгуулав. Уг гэрээнд 2015 онд бүтээн байгуулалтыг бүрэн дуусгах, 19 жилийн дараа Засгийн газарт шилжүүлэхээр тусгасан байдаг. Харамсалтай нь, энэ гэрээ мөн ондоо цуцлагдсан.
-УИХ-ын сонгуульд АН ялсны дараа Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар, түүний хувийн “өмгөөлөгч” А.Гансүх Зам тээврийн сайдаар томилогдсон байдаг. Мөн бие хамгаалагч Б.Батзаяа нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болж байв.
-2013 онд Чингис бондын 280 сая ам.доллараар Гашуунсухайтын төмөр замын төслийг эхлүүлж, Ерөнхий гүйцэтгэгчээр нь БНСУ-ын “Самсунг Си энд Ти”, туслан гүйцэтгэгчээр Монголын 13 компани ажилласан байдаг. Хөгжлийн банкнаас БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн дансанд 199 сая ам.долларыг шилжүүлж, уг мөнгөний 70 хувь нь оффшор бүсээр дамжин Х.Баттулгын хамаарал бүхийн хүмүүсийн дансанд орсон баримт хэвлэлээр дэлгэгдэж байсан билээ. Мөн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан монгол компанийн захирал хөрөнгө мөнгөө авч чадаагүйгээс болоод амиа алдсан гэх яриа бий.
-2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгой ордыг эргэлтэд оруулах олон улсын нээлттэй тендер зарласан. Тендерт Хятадын “Шинхуа энержи”, Монголын “Энержи ресурс “, Японы “Сүмитома” нар шалгарсан. Хөрөнгө оруулагчидтай хийх гэрээг З.Энхболд, Х.Баттулга нар хамтран зогсоосон агаад төслийн хүрээнд Чингис бондын хөрөнгөөр овоолсон шороонд олон улсын аудит оруулах асуудал хөндөгдсөн байдаг.
-2016 онд Эрүүгийн цагдаагийн газраас Гашуунсухайтын төмөр замын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Самсунг Си энд Ти” компанийн хоёр захирлыг мөнгө угаасан хэрэгт баривчилсан агаад 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа тэднийг Монголын шүүхээс 40 сая төгрөгөөр торгоод нутаг буцаасан.
-2017 онд Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа Х.Баттулга Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замын төслийг гардан гүйцэтгэсэн бий. Гашуунсухайтын төмөр замаар Монгол Улс нүүрсээ зөөе гэвэл хоёр тэрбум ам.долларыг Хятадын “Чайна энержи”-д төлөх шаардлагатай болж байна.