“Хүйтэн дайн” & Монголын оролцоо: Шинэ өнцгөөс тайлбарлахуй (2)

0

Шанхайн Багшийн их сургуульд тавихаар бэлтгэсэн илтгэлээс


“Хүйтэн дайн” & Монголын оролцоо: Шинэ өнцгөөс тайлбарлахуй (2)

Брежнев–Цэдэнбалын үеийн Монгол–Зөвлөлтийн харилцаа бол “найрамдал” гэдэг утгандаа бүрэн тохирч байлаа. Зөвлөлтийн ямар ч удирдагч Монголыг Брежнев шиг тэгтлээ ойшоон үзэж, 8-хан жилийн дотор хоёр удаа Улаанбаатарт айлчлаагүй. Хятадтай харилцаагаа хурцатгаснаас үүдэн СССР Азиас шахагдсан нь үнэн бөгөөд тэр бол Монгол–Зөвлөлтийн ах дүүгийн найрамдал хөгжих геополитикийн хөрс нь байсан билээ. Тухайн үед Монголын гадаад бодлого прогрессоор давшсаар байв. 1963 оныг Монголын гадаад харилцааны түүхийн шинэ үе эхэлсний бэлгэдлийн жил хэмээн үздэг. Өрнөдийн гүрнүүдээс Их Британи, Австри, Финланд, мөн Египет дипломат харилцаа тогтоосон байдаг ба1964 онд Швейцарь, Швед, 1965 онд Франц нь манай улсыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоожээ. Энд капиталист ертөнцийн 6 улс, түүний дотор төвийг сахисан 4 улс найрамдлын гараа манайх руу сунгажээ. 1966 онд МАХН-ын ээлжит ХV их хурал хуралдах үед дипломат харилцаатай гадаад улсын тоо 30 хол давсан байлаа. Ердөө 10 жилийн тэртээ гэхэд Энэтхэгийг оролцуулаад 13 байсныг бодохул тоо, чанарын хойноос нэн идэвхтэй хөөцөлдсөний үр дүн гэж үзэхээр юм. БНМАУ-ын гадаад харилцаа амжилттай өргөжиж, олон улсын байдал нь бэхжиж, дэлхийн тайзан дээр нэр хүнд нь дээшилж, нийт дөрвөн тивийн 33 улстай дипломат харилцаатай, 20 гаруй оронтой худалдааны харилцаатай болсон байлаа. Дипломат харилцаатай улс орныг нэмэх эл марафон цаашаа үргэлжлэв. 1971 онд МАХН-ын ХVI их хуралд илтгэснээр БНМАУ нийтдээ 20 гаруй улстай нэмж дипломат харилцаа тогтоон 53 улс болгожээ. 1976 онд МАХН-ын ХVII их хурал хуралдах үед манай орон дэлхийн 79 улстай албан ёсны дипломат харилцаа тогтоогоод байжээ. 

Дөрөвдүгээр үе шат

“Хүйтэн дайн”-ы дараагийн буюу үлэмж хурцхан үе шат болох 1979-1985 онд “Хүйтэн дайн” чинээндээ тултлаа ширүүсжээ. 1979 онд СССР хөрш жижиг Афганистандаа цэрэглэн халдаж, намжмал байдлын ололтуудаа бусниалаа. 1980 оны Москвагийн олимпыг өрнөдийнхөн боож, анх удаа АНУ, Япон, ХБНГУ-гүйгээр спортын наадам өрнөлөө. 1980 онд АНУ-д Р.Рейган гэх “дайнч харцага” сонгуулиар Ерөнхийлөгч болсноор дэлхийн коммунизмыг булшлахаа зарлав. Хятад-Вьетнамын хооронд дайн дэгдэж, дэлхийн социалист лагерь эргэж эвлэшгүйгээр хагарлаа. Камбожид Пол Потын гэх үзэшгүй яргачин коммунист дэглэм ноёлж гурван сая хүн ардаа хядсан ба коммунист Вьетнам цэргээр халдан байж тэр дэглэмийг нурааж хөөж гаргаснаар “Кампучийн асуудал” дэлхийд дэгджээ. Еврокоммунизмын хямралаар олон улсын коммунист хөдөлгөөний задрал эхэлжээ. Дэлхийн коммунист блок дотроосоо ялзарч эхэллээ. Польшид цэргийн дэглэмээр нийгмийн байгууллыг нь түр аварч тогтоолоо. АНУ-д өвгөжөөр Рейган нэн идэвхтэй байхад СССР-ийн өвгөжөөр өвчтэй удирдагч, намжмалын байдлын уран барилгач гэгдэх Л.Брежнев 1982 онд тэнгэрт халилаа. Намжмал байдал түүнтэй цуг замхарлаа. Орыг нь залгасан Ю.Андропов харилцааны эрэг шургийг улам чангалан “Хүйтэн дайн”-ы шинэ халуурлыг эхлүүллээ. Европын пуужингийн хямрал, 1983 онд өмнөд солонгосын иргэний агаарын тээврийн хөлгийг сөнөөсөн зэргээс үүдэн дэлхий шинэ дайны амсар дээр ирсэн байдалтай дэнжигнэж байв. Брежневийн халааг авсан хатуу гарт Андропов өвчнөө ялж чадсангүй 1984 он гаргаад тэнгэрт халилаа. Түүнийг халааг бүр илүү өвчтэй хэвтрийн өвгөн К.Черненкод өгсөн ч ганц жил болоод өмнөхүүдийнхээ араас явлаа. Хятадад хачин хачин түүх өрнөлөө. Мао нас барсан хийгээд түүнийг залгамжлагч “Дөрвөн хүний бүлэг” гэгчийг бутцохисноор “Соёлын их хувьсгал” гэгч 10 жилийн самууныг дуусгалаа. Дэн Сяопины аугаа их реформ эхэллээ. Зүүний коммунист Хятад барууны капиталист эдийн засгийн туршилтыг хэрэгжүүлэх талбар болж амжилттай урагшлан давшлаа.

Энэ цаг үед Монгол ямар байв. Португалд фашист дэглэм нурж, колониуд нь социалист чиг баримжааг сонгож, феодализмаас капитализмыг алгасан социализмд дэвшсэн Монголын туршлагыг Африк, Латин Америк, Афганистанд түгээх ариун үйлс БНМАУ-ын гадаад бодлогын тэргүүлэх нэг чиглэл боллоо. Дотооддоо Цэдэнбалын тахин шүтлэг оргилдоо тулж 1984 онд зөвлөлтүүд түүнийг хүчээр албадаж буулган, Москвад цөллөө. Зөвлөлт-Хятадын харилцааны гол саад, “Хүйтэн дайн”-ы хэнээтэн Цэдэнбалгүйгээр Кремль Хятадтай харилцахаар зорилоо. БНМАУ-ын гадаад харилцаа тэлсээр л байв. 1981 онд МАХН-ын ХVIII их хурал БНМАУ-ын гадаад харилцаа ихээхэн өргөжиж, олон улсын үйл ажиллагаанд манай улс улам бүр бүтээлтэй оролцох болсон, манай орон дэлхийн 91 улстай дипломат харилцаатай бөгөөд олон улсын нэр хүндтэй олон байгууллагын гишүүн байгааг тэмдэглэжээ. 1986 онд МАХН-ын XIX хурал гэхэд дээрхи тоо дэлхийн 99 улсад хүрчээ. 


Тавдугаар үе шат

“Хүйтэн дайн”-ы төгсгөл үе шат бол 1985-1991 оныг хамарна. Бидэнд хамгийн ойр, хамгийн сайн мэдэх нь СССР-т өрнөсөн перестройка гэх үйлс байна. Зөвлөлтийн өвгөжөөр өвчтэй гурван ч ЕНБД шил шилээ харан ертөнцөөс явжээ. Москвад улс төрийн том ваакум үлджээ. Өвчтэй өндөр настнаас СССР даяар, өрнөдөд айдаг болчихсон цаг үе. Яг энэ үед М.Горбачев гэх цэл залуухан реформист, бие эрүүл улс төрч гарч ирэн даян дэлхийг гийгүүлсэн билээ. Дотооддоо ч ширүүхэн тэмцэлдээд яллаа. Авилга, архидалт, “хөгшрөлт”-тэй зэрэг тэмцлээ. Тэмцэл нь хэтрээд генералитет ба цэрэг-аж үйлдвэрийн хамсал руугаа орлоо. Перестройка нь ил тод байдал, улс төрийн шинэ сэтгэлгээ гэх үйлсийг дагууллаа. Шинэ шинэ өндөрлөгүүдийг хуучин кадруудын хүчээр авахгүй гэсэн зарчмаа зарлалаа. Түүхэн үнэнийг сэргээж Сталины яргаллыг илчиллээ гэсэн нь явж явж өөрийнх нь коммунист нам, гол сургааль болох марксизм-ленинизм рүү, Ленин рүү нь эргэлээ. Коммунист намынхаа XXII, XXVII их хурлаас дэвшүүлсэн коммунизм байгуулах утопизмоос татгалзах, ерөөсөө дэлхийн хувьсгалын тухай үзэл баримтлалыг таягдан хаях сэтгэлийн тэнхээг тэрээр хайлаа. Хүн төрөлхтөн капитализмаас коммунизм руу нийтээрээ шилжихгүй, капиталист бус хөгжлийн зам гэж байхгүй, коммунист–ажилчны хөдөлгөөн гэж байхгүй гэдгийг дэлхийд анх түрүүн зөвшөөрснөөрөө Горбачев түүхэнд үлдэх цорын ганц коммунист болжээ. Гадаад бодлогодоо зарласан улс төрийн шинэ сэтгэлгээ нь дунд болон ойрын зайн тусгалын пуужингийн хэлэлцээнд буулт хийх, Афганистанаас цэргээ гаргах, Хятадад буулт хийж, “Гурван харш саад” гэгчээ арилгах, Вьетнамын цэргийг Кампучиас гаргуулах зам руу түлхлээ. Горбачев Дорнод Европт дэгдсэн хувьсгал, сонгуулиудыг 1953, 1956, 1968, 1980 оныхоо (БНАГУ, Унгар, Чехословак, Польшийг хэлэв) хуучин нүдээр харахыг хүссэнгүй. БНХАУ-д түүхт айлчлалаа хийж, Монголоос цэргээ гаргахаар товложээ. 1989 оны эцэс гэхэд Европт социализмын сүүлчийн голомт Румынд ардчилал ялжээ. Горбачев бүгдийг нь дэмжлээ. Одоо Зөвлөлтийн нөлөөний хүрээ, социалист интернационализмын тухайд нэгэнтээ оройтжээ. Монголд ч мөн ялгаагүй. Дэлхийн II дайны дараа олон улсын харилцаанд хоёр туйлт ертөнцийн бүтэц үүссэн бөгөөд түүнийг Ялтад Сталин, Рузвельт, Черчилль гурав тохиролцсон бол тэр тогтолцоог 1989 оны 12 дугаар сард Мальтад Горбачев, Буш нар эцэс болгожээ. “Ялтаас-Мальта хүртэл” гэх томъёоллоор “Хүйтэн дайн” ийнхүү төгсгөл болов! 

Дүгнэлт

“Хүйтэн дайн”-ы төгсгөл үед СССР-т Орос–Зөвлөлтийн түүхэнд хэзээ ч байгаагүй, уламжлал ч байхгүй Ерөнхийлөгчийн засаглалыг Горбачев сонголоо. Дэлхийд коммунист-ажилчны хөдөлгөөний манлайлагч явсан ЗХУКН-ын үүрэг роль эрс багасан, цуцлагдах руугаа орлоо. Хөгжингүй социализм, коммунизмын материал-техникийн бааз байгуулах их зорилт замхарлаа. Үүний оронд Зөвлөлтийг нийгмийг ардчилах үйл явц тууштай боллоо.Олон мандаттай ил сонгууль явуулж, Ардын депутатуудын их хурал байгуулж, түүнээс байнгын ажиллагаа бүхий парламент төрүүлэв. Энэ нь хожуухан ч гэсэн зөв алхам болсон боловч СССР гүрний задралыг сааруулж чадсангүй. Тарах нь тодорхой болсон үед М.Горбачев холбооны нэгдсэн улсаа Бүрэн эрхт улсуудын холбоо болгох санаачилга дэвшүүлж, зарим бүгд найрамдах улсуудын дэмжлэг авчээ. Хамгийн ойрын дэмжигчид нь Б.Ельцин, Н.Назарбаев, Л.Кравчук, С.Шушкевич нар байсан ба эдний гурав нь хожим ЗСНБХУ-ын хойтохыг уншсанаар “Хүйтэн дайн”-ы түүх бүрмөсөн өндөрлөжээ! 

Энэхүү процессыг (Горбачевын «Перестройка») эдүгээ ОХУКН цэцэглэн хөгжсөн эх орныг нь нураачихсан мэт дүгнэдэг. АНУ-ын ТТГ-ын захиалгаар Харвардын их сургууль “СССР-ийг устгах төсөл” боловсруулсан. Гурван үе шаттай, 1-рх нь «Перестройка», 2-рх нь «Ардчилагдах үйл явц», 3-рх нь одоо явагдаж буй «Устгал» хэмээн ОХУКН-ын халаагүй лидер Г.Зюганов заргалдсаар явна. Эхний хоёр нь амжилттай хэрэгжчихээд одоо гуравдугаар устгагдах үе шатан дээрээ ирчихэж гэнэ.

Мальтын саммитаас хойшхи нь ойлгомжтой. Монголд “Цагаан морин жил”-ийн хувьсгал ялсан. Чөлөөт сонгууль явагдаж олон намын төлөөлөл бүхий парламентаризмын зам сонгосон. Монголын ард түмэн ардчилал шинэчлэлийн замаар 34 жил замнаж байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *