Хустайн нуруу, Улаагчны хар нуур зэрэг тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын менежментийг хувийн хэвшилд шилжүүллээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж буйгаа зарлаж өнөөдөр /2024.12.13/ хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгууллаа.
Тодруулбал, улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Хустайн нурууны байгалийн цогцолборт газар (БЦГ гэх), Тарвагатай нурууны БЦГ-ын зарим хэсгийг тохижуулах, Говь гурван сайхан БЦГ-ын Ёлын ам, Улаагчны хар нуурын БЦГ, Тосон Хулстайн байгалийн нөөц газар (БНГ гэх), Хурх хүйтний хөндийн БНГ-уудын байгаль хамгааллын менежментийг шилжүүлэх гэрээг 5 төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулсан юм. Энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулснаар байгаль орчноо болон түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалах, байгалийн нөөцөд тулгуурласан тогтвортой менежментийг хэрэгжүүлснээр нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэх ажээ.
-БОУАӨЯ ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, ХОЛБООДУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР ШИЙДЖЭЭ-
Мөн БОУАӨЯ-наас Монголын байгаль хамгаалагчдын холбоо, Монголын ан агнуурын холбоо, Хашаандаа сайхан амьдаръя төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллахаар шийдвэрлэжээ.
Бид Монголын байгаль хамгаалагчдын холбоотой орон нутагт анхан шатны нэгж дээр хамгааллын үйл ажиллагааг явуулж байгаа байгаль хамгаалагчдын сүлжээг бэхжүүлэх нийгмийн баталгаа, хөгжлийн болон мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр;
Монголын ан агнуурын холбоотой байгаль орчин, ан амьтныг хамгаалах, зохистой ашиглах чиглэлээр мэргэжлийн, олон талт үйл ажиллагаа явуулж, хамгааллын үйл ажиллагаанд түншлэхээр;
Хашаандаа сайхан амьдаръя ТББ-тай хүн бүрт ногоон хөгжлийн ач холбогдлыг ойлгуулж, зөв дадал хэвшүүлэх, залуусын оролцоог дэмжин ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичгийг тус тус байгуулав.