“Цемент шохой” ТӨХК 2022 онд 85.5 тэрбумын зардал гаргасан ч 100.2 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ
“Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Цемент шохой” ТӨХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалд технологийн шохой нийлүүлдэг стратегийн чухал үйлдвэр. Тэгвэл Л.Наранбаатар яг нэг жилийн өмнөөс эл байгууллагыг удирдсан. Өнгөрсөн хугацаанд компанийн үзүүлэлтүүд ямар болсныг танилцуулав.
Нэн тэргүүнд үйлдвэрийн чиглэлд 2022 онд 403,393 тонн цемент үйлдвэрлэсэн ба энэ нь 2021 онтой харьцуулахад, 81,425 тонноор илүү үр дүн гэдгийг тэрбээр тодотгов. Мөн шохойн үйлдвэрлэл нь 2021 онд 44,054 тонн байсан бол 2022 онд 51,672 тонн болсон байна.
“Цемент шохой” ТӨХК 2022 онд нийт 85.5 тэрбум төгрөгийн зардал гаргаж 100.2 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Хувийн өмчид байхад буюу 2015 оноос 2022 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд компанийн хуримтлагдсан нийт алдагдал 124.5 тэрбум төгрөгт хүрсэн. Төрийн өмчид шилжсэнээр цэвэр ашиг нь 11.6 тэрбум төгрөг болж, сүүлийн арван жилд анх удаа цэвэр ашигтай ажилласан гэнэ.
Ажилчдын нийт цалингийн санг 10.8 тэрбум төгрөг байсныг хоёр дахин өсгөж, 2022 онд 20.6 тэрбум төгрөг болгосон ба ингэснээр дундаж цалин 1.2 сая төгрөг байсныг 2.1 сая төгрөг болгон нэмсэн аж.
Хувийн өмчид байхдаа буюу 2021 онд тус компанид ердөө 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол 2022 онд өөрсдийн хөрөнгө оруулалтаар нийт 7.9 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн байна. Энэ хөрөнгө оруулалтыг сүүлийн 5 жилд хийгээгүй байжээ. Тухайлбал, уурхайн техникийн шинэчлэлд хүнд даацын автомашин ширхэг, бульдозер, авто ачигч гэх мэт хөрөнгө оруулалт хийснээр үйлдвэрлэлийн эхний шат дамжлага болох шохойн чулууны дундаж өртгийг бууруулсан аж.
Үүнээс гадна Л.Наранбаатар нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Манай компанийн ТУЗ-ийн зарим гишүүн Д.Эрдэнэбилэг захиралтай холбоотой байсныг би одоо л мэдэж байна. Би 150 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай, өр төлбөртэй компани хүлээн авсан. Супер хүчин чадалтай үйлдвэр гэж бодож байтал шохойн үйлдвэр нь маш их утаа гаргадаг, ойр орчмын иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байв. Судалгаа хийн, шохойн нөөцөө 40 жилээр уртасгав. Өмнө нь уурхайг сорчилж олборлосон. Энэ нь Эрдэнэтийн түүхий эд болно. Шохойн үйлдвэрлэлээ нэмнэ, хэвтээ зуух суурилуулна, утаа гаргахгүй. “Эрдэнэт”-ээс гадна “Оюутолгой” компанитай хамтран ажиллахаар төлөвлөж байна” гэсэн юм.
Тус үйлдвэр урлагийн тоглолт, Бумбын тахилга, архи согтууруулах ундаанд мөнгө зарцуулсан, сэтгүүлчдийн уулзалтад тодорхой мөнгө төгрөг зарцуулсан. Хэмнэлтийн хуулийг зөрчсөн гэх мэдээлэл гарсан. Тухайлбал, МҮОНРТ-д долоон сая төгрөг гэх мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд 17 сая төгрөг зарцуулсан гэх мэдээлэл гарсан. Үүнд тэрбээр дараах хариултыг өглөө. Тодруулбал, “Амарбаясгалант хийдэд болсон Бумбын тахилгад 5.9 сая төгрөг зарцуулсан. Манай үйлдвэрийн удирдлагууд 40 жилийн турш энэ ёслолыг үйлдсэн. Би очиж чадаагүй, манай инженерүүд очиж, үйлдвэрээ даатгаад ирсэн. Энэ ёслол олон мянган хүн оролцдог юм билээ. Үйлдвэрийн тогтсон уламжлал тул бид гар татаж чадаагүй. 60 мянган төгрөгөөр ажилчид шар айраг уусныг тогтоосон. Нийслэлд манай ажилтнууд бизнес төлөвлөгөө боловсруулах үетэй давхацсан. Гэхдээ чухам хэн шар айраг уусныг тогтоож чадаагүй, энэ төлбөрийг барагдуулсан. Хоол идэх үеэр шар уураг уусан байсан. 70.7 тэрбум төгрөгийн зөрчил буюу зардал бүртгэснийг Л.Наранбаатар идэж уусан гэж буруу дүгнэж байна. Компанийн 40 жилийн ойн хүрээнд үйл ажиллагаагаа танилцуулах зорилгоор Удирдах зөвлөлийн шийдвэрээр хэвлэлүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөсөн ч олон нийт шүүмжилсэн тул зогсоосон. Бид аудитын байгууллагад бүх мэдээллээ цаасаар, файлаар, мэйлээр өгсөн. Гэвч аудит хүлээн аваад дүгнэлт гаргаагүй. Тэд манай компанийн борлуулалтын орлого, ашиг өссөн гэх мэт тоонуудыг дөвийлгөхийг хүсээгүй юу мэдэхгүй, дурдаагүй байна” гэж хариулав.
Өдгөө аудитын байгууллага дүгнэлтээ гаргаад буй. Л.Наранбаатар захирал “Аудитын тайлангийн зарим зүйлтэй санал нийлнэ. Заримтай нь санал нийлэхгүй тул Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбатын эсрэг гомдол гаргана. Аудитын тайлан гаргахад хүнд байсныг би ойлгож байна. Учир нь үйлдвэрийн өмнөх удирдлагуудын эсрэг гаргасан шүүхийн маргаан үргэлжилж байна” хэмээсэн.
Үргэлжлүүлээд “Хэрэв аудит хийхээс татгалзвал гүйцэтгэх захирал огцордог, удирдлагаар ажиллах боломжгүй болдог. Иймд манай компанид ажилласан, аудитын дүгнэлт гаргасан “Ди би эй жи аудит” компанид талархах хэрэгтэй. Тэд хараат бусаар ажилласан ч хэт субъектив дүгнэлт гарган, дүгнэлтээ бидэнд тулгалаа. Би аудитын тайланг хүлээн үл зөвшөөрсөн тул гарын үсэг зураагүй. Харин хүлээн авлаа гэдгээ батлан, гарын үсэг зурсан. Гэхдээ энэ дүгнэлтэд манай компани ашигтай ажилласныг дүгнэсэн. Бид өмнөх удирдлагуудаас 375 тэрбум төгрөг нэхэмжилснийг дүгнэлтдээ бичсэн байна лээ. Үйлдвэрийг 200 тэрбум төгрөгөөр үнэлбэл цаана нь 200 тэрбум төгрөгийн авлага үлдэнэ” гэсэн юм.