Хөгжлийн банк дампуурлаас гарсан гэх МАН-ынхны үг худлаа байжээ!
“Хөгжлийн банк дампуурлаас бүрэн гарсан”… Тус банкны гүйцэтгэх захирал асан, одоогийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул гурван жилийн өмнө ийм мессеж өгч байв. Мөн 2024 оны зургадугаар сард, УИХ-ын сонгуулийн өмнөхөн Сангийн сайд Б.Жавхлан “ Хөгжлийн банкийг дампуурлаас гаргаж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 13.3 их наядын гадаад зээлийн өр төлбөрийг барагдууллаа” гэсэн мэдэгдэл хийж байсан билээ.
Бодит үнэн нь гэвэл Хөгжлийн банк захын арилжааны банкнаас ч бага/2.3 их наяд/ активтай, үүнээс 57.3 хувь нь чанаргүй зээлд тооцогдож байна. Ардын намынхан энэ мэтчилэн ард түмний толгойг “сайхан” саванддаг л даа.
Анх, 2022 оны нэгдүгээр сард Хөгжлийн банк найдваргүй зээлдэгчдээ зарласан агаад өсөхийн өлөн нь арилаагүй манай улстөрчид, үндэсний хөрөнгө оруулагчид хуугаараа очоод хулгай, тонуулаа хийсэн нь баримт сэлттэйгээ ил болсон. Тэр тусмаа Б.Ундармаа, Ч.Ундрам, С.Бямбацогт, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин, Л.Энх-Амгалан, Д.Хүрэлбаатар, Ш.Лхамсүрэн, А.Сүхбат, М.Билэгт, Б.Элдэв-Очир, Ж.Энхбаяр, Д.Сумъяабазар гээд голдуу МАН-ын улстөрчид хямд хүүтэй зээл авчихсан, энэ асуудлаар УИХ дээр гурван шатны нээлттэй сонсгол зохион байгуулж байлаа. Нээлттэй сонсголд УИХ, Засгийн газрын сайдууд, сайд аснууд мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга хүртэл дуудагдаж байв.
Нийтдээ 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн шүүх хурал Улаанбаатар чуулгад 47 хоног үргэлжилсэн боловч өнөөг хүртэл эцэслэгдээгүй, банкны захирал, ажилтан гэх цөөн хэдэн хүнээр туг тахих төдийгөөр уг дуулиант хэрэг дуусч байх шиг.
“Бишрэлт”-ийн Б.Ундармаа, “Бэрэн”-гийн Н.Мөнхбат, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, Х.Баттулгын хоёр зөвлөх гээд Хөгжлийн банкийг тонолцсон МАН-ын улс төр-бизнесийн бүлэглэлийн хувьд “чоно цатгалан, сүрэг бүтэн” үлдсэн. Үндсэндээ Төрийн ордонд зохион байгуулсан сонсгол нь ч, Улаанбаатар чуулгаас шууд дамжуулсан шүүх хурал нь ч ямар ч үр дүнгүй өнгөрснийг банк бус санхүүгийн байгууллагын хэмжээнд очтолоо “давжаарсан” Хөгжлийн банкны активаас харж болно.
2011 онд баталсан Хөгжлийн банкны тухай хуульд зөвхөн УИХ-аар баталсан, экспортын дэмжих, импортыг орлох төсөлд урт хугацаатай зээл олгоно гэж зааж өгснийг Б.Ундармаа, Б.Жавхлан нарын гишүүдийн санаачилгаар МАН-ын үнэмлэхүй олонхоос бүрдсэн парламент 2017 онд Хөгжлийн банк ямар төсөлд зээл олгохоо өөрөө мэднэ гэх өөрчлөлтийг хийж байгаад дээрэм тонуулаа айж ичихгүйгээр хийсэн байдаг. Уг хуулийн хулгайг хийлцсэн “Бишрэлт”-ийн Б.Ундармаа гэхэд 75.5 тэрбумын зээл аваад 32 тэрбумыг нь төлж чадалгүй найдваргүй зээлдэгч болчихсонд гайхах зүйл байгаагүй. Хулгай хийх гэж л хуулийг нь харанхуй шөнөөр “хулгайлсан” хүмүүс шүү дээ, МАНай улстөрчид.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон З.Нарантуяагийн хэлснээр Засгийн бодлого, Хөгжлийн банкны бодлого хоёр нэг байж хөрөнгө оруулалт татна гэдэг нь үнэн. Хөгжлийн банкийг байгуулсан зорилго нь экспорт, импортыг орлох төсөлд хөрөнгө оруулах болохоос арилжааны банкуудтай ана, мана өрсөлдөх байгаагүй юм. Атал Хөгжлийн банк болсон, болоогүй зээл олгоосоор байгаад юун хөгжлийн төсөлд хөрөнгө оруулах манатай, дампуурлаа хэзээ мөдгүй зарлах дээрээ тулчихаж. Тиймээс Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах биш бүр шинэчлэн найруулж байж дампуурлаас гарах боломжтой аж. Товчхондоо, МАН-ынхны хийсэн хуулийн хулгайг цэгцлэх тухай юм. Мэдээж, дээрэм тонуулын үүр уурхайн болсон Хөгжлийн банк гадаадад ч, дотоодод ч нэр хүндээ алдсан. Ямар л тэнэг хүн хөрөнгөө дампуурч яваа Хөгжлийн банкинд оруулах билээ дээ. Хөрөнгө оруулагчид монголчуудаас тэнэг байна гэж байх уу…? Тэгэхээр хөрөнгө оруулагчдын итгэлийг татах ганц арга нь Хөгжлийн банкны хуулийг шинэчилж, удирдлага, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх. Мөн боловсон хүчний хомсдол Хөгжлийн банкинд нүүрлээд удаж байгаа гэх. Үнэнийг хэлэхэд Хөгжлийн банкинд ажилд орноосоо болоод шоронд орохыг хэн хүсэх вэ. Ажил мэргэжлийн карьер, амь амьдралаараа улс төрийн шоглоом болоод дууссан гашуун жишээ зөндөө байхад шүү дээ. Гэх мэтчилэн Хөгжлийн банкинд нүүрлэсэн зовлонгоо З.Нарантуяа ил тод ярьсан. Энэ ч зөв. Эхлээд үнэнтэйгээ нүүр тулж, өвчний “онош”-оо зөв тогтоож байж эмчилгээ явагдана. Тэгэхээр Хөгжлийн банкийг дампуурлаас гарсан гэж худал хэлэх биш дампууруулсан шалтгаан нөхцөл, эрсдэлийг нь тооцож байж л хөрөнгө оруулалт татна, хүний нөөцөө бүрдүүлнэ.
Хөгжлийн банк дампуурлаас гарсан гэх худал үгэндээ МАН ядаж уучлалт гуйх, үгүйдээ л Засгийн газар үнэнтэйгээ нүүр тулах ёстой юм.