ХУУЛЬ: Албан тушаалтнуудын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг тухайн үеийн инфляцитай уялдуулан тооцож, ХУРААНА

0

Монгол Улс 2006 онд шинэчлэн батлагдсан Авлигын эсрэг хуулиараа анх удаа авлигатай тэмцэх тусгай байгууллага болох АТГ-ыг байгуулж 2007 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Түүнээс хойш 18 жил өнгөрсөн хэдий ч Монгол Улсын авлигын индекс жил ирэх тусам буурсаар байна.

Тухайлбал, Монгол Улс “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын 2023 оны Авлигын төсөөллийн индексээр манай улс 180 улсаас 2018 онд 93, 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд 110-т эрэмбэлэгдэж байсан бол 2022 онд 6 байраар ухарч 116-д, 2023 онд өмнөхөө оны эрэмбээс 5 байраар ухарч 121-д эрэмбэлэгдсэн муу үзүүлэлттэй байна.

2017-2023 онд АТГ-аас 8860 авлигын гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 739 нь буюу 8.3 хувь нь л шүүхээр шийдвэрлэгдэж мөрдөн байцаалт прокурор шүүхийн шатанд нийт 3129 хэрэг нь буюу 35 орчим хувь нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгджээ.

Түүнчлэн 2018-2023 онуудад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан авлигын хэргийн гэмт хэргийн улмаас нийт учирсан хохирлын хэмжээ 1.5 их наяд төгрөг, битүүмжилсэн хөрөнгийн үнийн дүн 865.4 тэрбум төгрөг байжээ.

Авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэгч гол багууллагуудаас ирүүлсэн тоон мэдээллээс үзвэл гэмт хэрэг үйлдэж олсон буюу шударга бус аргаар олж авсан хөрөнгийг хураан авах бодлого өнгөрсөн жилүүдэд хэрэгжээгүй, өөрөөр хэлбэл гэмт этгээдүүд болон хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүд өдийг хүртэл хууль бусаар олсон хөрөнгөө эзэмшиж, түүнийхээ үр шим ашгийг хүртэж байгаа гэж дүгнэхээр байна.

Тиймээс Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгажээ.

НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААН АВАХ, НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЗАРЧИМ

  • Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогоогүй нь нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
  • Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого нь хууль ёсны эсэхэд цугларсан нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дүгнэлт хийж шийдвэрлэнэ.
  • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг шалгах ажиллагааг тухайн нийтийн албан тушаалтны шалгагдаж байгаа тухайн хөрөнгөтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай нэг цаг хугацаанд давхардуулан явуулахгүй.
  • Нийтийн албан тушаалтны холбогдсон гэмт хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураалгүйгээр шийдвэрлэсэн нь нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх ажиллагааг явуулах үндэслэл болно.
  • Тухайн нийтийн албан тушаалтан байгаа эсэхээс үл хамааран хууль бус хөрөнгө хураан авах ажиллагааг явуулна.
  • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална
  • Аливаа хөрөнгө хууль ёсны эх үүсвэртэй байх;
  • Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоос давсан хэмжээний хөрөнгийнхөө эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, эсхүл тайлбарласан нь нотлогдоогүй бол уг хөрөнгийг хууль бус гэж үзэх;
  • Нийтийн албан тушаалтнаас хураан авсан, нөхөн төлүүлсэн хууль бус хөрөнгийг улсын орлого болгох, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;
  • Хууль бус хөрөнгө хууль ёсны хөрөнгөтэй нийлсэн, холилдсоны үр дүнд бий болсон хөрөнгөөс зөвхөн хууль бус хэсгийг хураан авах;
  • Хууль бус хөрөнгийг хураан авахдаа түүнийг хууль бус болохыг мэдээгүй, мэдэх боломжгүйгээр хууль ёсны дагуу хийсэн хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан өмчлөгч, эзэмшигчийн эрхийг хамгаалах;
  • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хууль ёсоор бусдын өмчлөлд шилжсэн бол тухайн хөрөнгийг үнэлж нийтийн албан тушаалтны хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгөөс нөхөн төлүүлэх;
  • Тухайн хөрөнгийг хууль ёсны эх үүсвэргүй болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, тухайн хөрөнгийг хураан авах;
  • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах үндэслэлийг тодорхойлох, хураах ажиллагааг зөвхөн шүүхэд талууд мэтгэлцэх журмаар хэрэгжүүлэх;
  • Хууль бус хөрөнгө бий болсон цаг хугацааг нийтийн албан тушаалтны албан тушаалын бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлсэн болон албан тушаалын бүрэн эрх, чиг үүрэг дууссанаас хойшхи 10 жилийн хугацаатай заавал хамтатган авч үзэх;
  • Нийтийн албан тушаалтан тухайн хууль бус хөрөнгө өөрийн өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн, мэдэх ёстой байсан нь хөрөнгийг нөхөн төлбөргүй хураан авах гэм буруугийн үндэслэл гэж үзэх бөгөөд энэхүү санаа зорилгыг нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг удирдсан, хянасан үйл баримт, нөхцөл байдлаас дүгнэн тогтоохыг зөвшөөрөх.
  • Прокурор нь хууль бус хөрөнгөтэй холбоотой хөрөнгө шалгах ажиллагааны явцад мэдэгдэж буй нөхцөл байдлыг үндэслэн шалгах ажиллагаа явуулах тухай шийдвэр гаргахдаа шалгах ажиллагаанд 2002 оны 9 сарын 01-ний өдрөөс хойш бий болсон хууль бус хөрөнгийг хамруулна.
  • Хөрөнгийн үнэлгээг тухайн үеийн инфляцитай уялдуулан тооцно.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *