Г.Батцэнгэл: Асран хамгаалагчид нь тамхи татдаг тохиолдолд хүүхдийн өвчлөл илүү хүндэрч байна

0

Томуу, томуу төст өвчлөлийн цаг үеийн асуудлын талаар ЭХЭМҮТ болон НЭМГ-аас ээлжит мэдээллээ хийлээ.ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Г.Батцэнгэл: Өнөөдрийн байдлаар манай тасагт 76 хүүхэд эмчлэгдэж байгаагийн 22 нярай нь амьсгалын замын ямар нэгэн эмгэгтэй, уушгины хатгалгаа болон түүний хүндрэлийн улмаас хэвтэж байна. Энэ 22 хүүхдийн 15 нь хүчилтөрөгийн эмчилгээ шаардлагатай амьсгалын дутагдлын шинжүүд илэрсэн байгаа. Амьсгалын замын эмгэг өвчлөл нь шууд ханиалгах эсвэл цээжээр өвдөх өвөрмөц шинж тэмдгээр илэрдэггүй. Хүүхэд хөхөө бага идэх, сүүгээрээ бөөлжих, биеийн халуун хэвийн биш болох, шарлалт нь эмгэг байдлаар тодорч гүнзгийрэх, унтамхай болох зэрэг ерөнхий шинж тэмдгээр илэрч байгаа. Үүнээс даамжраад ялангуяа хөхөө хөхөж чадахгүй амьсгал олшрох, амьсгал саадтай болох, цээж хонхолзох, зайнаас шуугьж сонсогдох шинж тэмдэг илэрнэ. Түүнчлэн, дотоод орчны агаарын бохирдол өвчлөлд нөлөөлж байна. Асран хамгаалагчдын хорт зуршилтай холбоотойгоор дотоод орчны агаарын чанар буурдаг. Ээж, аав хоёрын аль нэг нь тамхи татдаг тохиолдолд хүүхдийн өвчлөл илүү хүндэрч байна. Тодруулбал, зайнаас шуугьж амьсгалах эсвэл харшлын суурин дээр өвчлөл үүсэх магадлал илүү өндөр байдаг. НЭМГ: Нийслэлийн хэмжээнд амбулаториор 77000 үзлэг хийгдсэнээс 7800 тохиолдол томуу, томуу төст өвчний тохиолдол бүртгэгдсэн. Ингэхээр нийт үзлэгийн 10.2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн долоо хоногт 15000 дуудлага ирснээс 21 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байна.Мөн Өрхийн эрүүл мэндийн төвийг өнгөрсөн оны сарын 17-ноос уртасгасан цагаар ажиллуулж эхэлсэн. Энэ хугацаанд 5700 хүн үзүүлж байсан бол өнөөдрийн байдлаар 2273 хувь болж хоёр дахин буурсан. Иймд Нийслэлийн эрүүл мэндийн газраас бүх Өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагаар ажиллуулж байсан шийдвэрийг дуусгавар болгож байгаа аж. Маргаашаас бүсчилсэн хэлбэрээр зарим өрхийн эмнэлгүүд ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл, амралтын өдөр 11:00-18:00 цагийн хооронд ажиллана.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *