Авто машины эд ангийг үйлдвэрлэн, Японд экспортолж байна

0

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Япон улс руу машины эд анги экспортлогч “Моншибасаки” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус компанийг 2005 онд байгуулж, автомашины эд ангийг өндөр нарийвчлалтай зорж боловсруулан экспортолж байна. Одоогоор суудлын болон ачааны автомашины тормос, жолооны хүрд, суудал, хөдөлгүүр, жижиг эд анги гэх мэт нийт 74 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Жишээлбэл, 2021 онд 2 сая 701 мянга 250 ширхэг бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлжээ.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, “Японы стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах нь маш том сорилт. Үйлдвэрлэлийн аутсорсингийг хөгжүүлж, Ази тив рүү чиглэж буй автомашины үйлдвэрлэлийг ашиглах боломж бидэнд бий. Цаашид тээвэр, ложистикийг анхаарч, ажиллах болно” хэмээв.

Харин “Моншибасаки” ХХК-ийн захирал Д.Долгормаа хэлэхдээ “Манайх Японоос бэлдцээ импортолж, эх орондоо япон техник, технологи, тоног төхөөрөмжөөр авто машины эд анги боловсруулж, Япон руу экспортолдог. Бүтээгдэхүүнээ хугацаандаа нийлүүлж амждаггүйээс боломж, цаг хугацаа алддаг” гэлээ.

Тээвэрлэлтэд багадаа 4-6 сар зарцуулдаг шалтгаан нь манай улс Японоос хол, хоёр том хөршийн дунд байрладаг газар зүйн байршил, далайд гарцгүй тээвэрлэлтээс болж уддаг нь нөлөөлдгийг ЗТЯ мэдээлжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *