Юн Сук Ёлыг Авлигатай тэмцэх алба баривчиллаа
НЭМЭЛТ 09:42
Өмнөд Солонгосын Авлигатай тэмцэх алба ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчилжээ. Тэрбээр баривчлагдахаасаа өмнө видео мэдэгдэл гаргасан бөгөөд үүнд “Хэдийгээр энэ бүхэн хууль бус мөрдөн шалгалт боловч би Авлигатай тэмцэх албаны мөрдөн байцаагчид руу гарч очихоор шийдлээ. Учир нь ямар нэгэн таагүй үйл явдал, цус урсгахыг хүссэнгүй. Гэсэн хэдий ч энэ үйлдэл минь би тэдний мөрдөн байцаалтыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг биш юм. Харанхуй, бүүдгэр өдрүүд байдаг ч улс эх орны минь ирээдүй гэрэлтэй байна гэж найдаж байна. Нийт иргэддээ хандаж хэлэхэд, Би та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсч байна. Мөн хүчтэй байгаарай. Баярлалаа” гэжээ.
Уг бичлэг нийтлэгдсэнээс хэдхэн минутын дараа Авлигатай тэмцэх газрын албан хаагчид ерөнхийлөгчийн ордон руу нэвтэрсэн юм. Юныг дэмжигчид болон ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан мөрдөн байцаагчдын эсрэг эсэргүүцэл үзүүлсэн. Улмаар шүүхийн захирамжийг дагуу зарим эсэргүүцэл үзүүлсэн иргэн, албан хаагчийг баривчилжээ. “BBC” агентлагийн мэдээлснээр, Юн одоо Авлигатай тэмцэх газрын төв байранд очсон бөгөөд түүний өмгөөлөгч уг үйл явдлыг хүчтэй буруутгав. Үүнээс гадна, тус улсын сөрөг хүчний удирдагч Пак Чан Дэ ерөнхийлөгчийн эрхээ түдгэлзүүлсэн Юныг баривчилж чадсан гэх мэдээлэлд баяртай байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Өмнөд Солонгост шударга ёс одоо ч хүртэл амьд байгаа юм байна!” гэж нийтлэв.
ЮН СУК ЁЛЫГ БАРИВЧЛАХ АЖИЛЛАГАА ДАХИН ЭХЛЭВ
Өмнөд Солонгосын мөрдөн байцаагчид энэ сарын эхээр импичментээс болж эрхээ түдгэлзүүлсэн ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчлах оролдлого явуулсан ч бүтэлгүйтсэн билээ. Мөн дахин баривчлах ажил явуулна гэж мэдэгдсэн байдаг тул өнөөдөр /2025.01.15/ тус улсын дээд шүүхээс баривчлах захирамжийн хугацааг сунгажээ.
Улмаар 1000 гарай цагдаа, мөрдөн байцаагчийн баг түүнийг баривчлахаар цугларсан байна. Юныг дэмжигч болон шүүмжлэгч аль аль нь ерөнхийлөгчийн ордны гадаа мөн адил цугларчээ. Үүнээс гадна уг ажиллагааг Юны өмгөөлөгчид шүүмжилж, ордны гадна цагдаагийн албатай маргалдав. Юныг албан тушаалаас нь огцруулах эсэхийг шийдэх шүүх хурал өчигдөр эхэлсэн ч тэрбээр ирээгүй. Улмаар шүүх хурал дөрвөн минутын дотор дууссан.
Цагдаа нар Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албаны (PSS) даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ким Сон Хун, бие хамгаалагчдын хэлтсийн дарга Ли Кванг Ву нарыг мөн адил баривчлах тушаалыг хэрэгжүүлж байгаа гэж мэдэгдэв. Сануулахад, PSS нь өмнөх хугацаанд цагдаа болон мөрдөн байцаагчдыг ерөнхийлөгч Юны өргөөнд орохоос урьдчилан сэргийлэхийг хичээж ирсэн. Түүнчлэн, ерөнхийлөгчийн ордны гадаа цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, нэг хүн шархадсан гэж орон нутгийн хэвлэл мэдээлэв. Гал түймэр болон онцгой байдлын албаныхан тухайн хүнийг эрүүл мэндийн үзлэгт оруулахаар авч явсан байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC