УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Эдийн засгийн харилцааны суурь хууль болох Иргэний хуулийн гажуудлыг засах талаар санал дүгнэлт гаргана

0

Улсын Их Хурлын даргын 2024 оны 115 дугаар захирамжаар байгуулагдсан Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй манай сэтгүүлч ярилцлаа.

Сэтгүүлч: Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн тогтвортой байдлын тухай асуудал анхаарал татдаг. Монгол Улсын Үндсэн хуульд томоохон өөрчлөлтүүд орлоо. Эрүүгийн хууль зөвхөн өнгөрсөн парламентын хугацаанд 10 гаруй удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. 2002 онд баталсан Иргэний хууль цөөхөн удаа өөрчлөгдсөн, тогтвортой байгаа. Иргэний хууль өнөөдрийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу?

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Иргэний хууль бол иргэний амины эрх, өмчийн эрхийг хамгаалах, эдийн засгийн харилцааг зохицуулдаг суурь хууль. Социалист нийгмийн үед хувийн өмч байгаагүй учир жинхэнэ утгаараа иргэний хууль гэж байгаагүй. 1994 онд шилжилтийн эдийн засгийн үед социалист хэлбэрийн Иргэний хуулийг өөрчилж баталсан. 2002 онд шинэчилсэн. Өнөөдрийг хүртэл 23 жил өнгөрч байна.

Гэтэл иргэдийн амьдралд шинэ тутам гарч ирж байгаа харилцаанууд байна. Мөн сайн харж чадаагүй өнцгүүдээ бид 23 жилийн дараа харж байна. Энэ бүхнийг сайжруулаад явахгүй бол, эдийн засгийн харилцааны тулгуур болох хувийн өмч, өмчийн харилцаанд доголдол гарна. Гараад ч эхэлсэн. Тийм учраас бид санал дүгнэлтээ гаргаад болохгүй байгаа зүйлсээ шинэ харилцаанд нийцүүлж засах ёстой гэж харж байгаа.

Ажлын хэсэгт хуульч гишүүдээс гадна салбарын эрдэмтэн судлаачид,  бүх  шатны шүүгчид, Иргэний хуулийн хэрэгжилтийг хангадаг байгууллага болох ХЗДХЯ, СЗХ, Монгол банк, УБЕГ гээд салбар бүрийн төлөөлөл багтаж байна. Зайлшгүй засаж сайжруулах ёстой хэд хэдэн харилцаа байна.

Нэгдүгээрт, Өмчийн харилцаа. Өмчийн харилцааг иргэний өмч, аж ахуйн өмчийн харилцааг суурилж хийх ёстой байтал бид газрын хууль, төрийн өмчийн хуульд суурилсан. Өөрөөр хэлбэл төрийн өмч давамгайлсан эдийн засагтай байх үеийн хууль хэвээрээ байна. Төрийн өмчийн харилцаа болон хувийн өмчийн харилцааг ялгахгүй явж ирснээс болоод доголдол, ойлголтын зөрүү гарч байна.

Хоёрдугаарт, гэрээний эрх зүй буюу мэргэжлийн хэллэгээр үүргийн эрх зүй. Хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол цахим орчин дахь гэрээ хэлцлийн асуудлыг бид шинэчлэхгүй бол цаг үетэйгээ тохирохгүй байна. Бид зээлийг цахимаар авчихдаг боллоо. Цахим платформоор худалдах, худалдан авах гэрээ хийдэг боллоо. Тэгэхээр цахим орчин дахь гэрээ, хэлцлийн асуудал илүү нарийн зохицуулалттай, илүү тодорхой болох үндэс суурь тавигдах юм гэж харж байна.

Гуравдугаарт, гэрээний чөлөөт байдал буюу гэрээ байгуулах эрх, гэрээний эрх хангагдаж байна уу? гэдэг асуудал. Энд олон асуудал хөндөгдөөд, ер нь гол зангилаа нь Иргэний хуулийн заавал дагаж мөрдөх эрх хэмжээ нь юу юм, эсхүл гэрээний этгээдүүд өөрийн чөлөөт хүсэл зорилгоор гэрээ хийсэн байхад шүүх түүнийг хүлээн зөвшөөрөх үү гэдэг зааг хязгаарыг тодорхой болгохгүй бол гэрээ хийдэг, шүүхэд очихоор та нар хууль зөрчсөн байна гээд гэрээг нь хүчингүй болгодог, гэрээг хэрэгжүүлэхгүй байсан ч шүүхэд очоод болчихдог юм гэдэг ойлголт их давамгай явж байна.

Дөрөвдүгээрт, Өв залгамжлалын эрх зүй байна. Өв залгамжлалын хувьд энэ хорвоод төрөөд нас барах нь үнэн учир, хүний эд хөрөнгийг яаж хуваарилах тухай асуудал хөндөгдөнө. Сүүлийн үед шүүхэд эд хөрөнгө, өв залгамжлалын маргаан ихэссэн. Мэдээж хэрэгжилт нотариатын журамд байгаа боловч өв залгамжлалыг бид ямар дэс дарааллаар хуваарилах вэ? гэдэг нарийвчилсан журам байхгүй. Хуульд хамаатан садан, эхнэр, нөхөр, хүүхэд бүгдийг нэг бүлэгт хамааруулсан. Эрэмбэ дараа байхгүй учир маргаан үүсдэг Тиймээс энэ асуудлыг гадны туршлага зэргийг судалж шинэчлэх шаардлага үүссэн.

Сэтгүүлч: Хууль амьдралд хэрэгжээд ирэхээр олон асуудал гардаг. Эрүүгийн хууль, Иргэний хууль хоорондын 14 настай хүүхдийн эрх зүйн чадамжийн тухай хөндөх ёстой асуудлын нэг гэж бодож байна. Та хуульчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Жишиг Иргэний хуулийн дагуу эрх зүйн чадамжийг бүрэн чадамжтай, хагас эрх зүйн чадамжтай гэх зэргээр ангилж байгаа. Иргэний хууль бол тэр хүн гэрээ хэлцэл хийх чадамжтай байна уу? эд хөрөнгө өмчлөөд бүртгүүлэх, барьцаалах чадамжтай байна уу? гэрээ хийгээд түүндээ хариуцлага хүлээж чадах уу? гэдэг асуудал хамаардаг. Эрүүгийн хуульд бол зөрчил гаргаад санаатайгаар гэм хор учруулсан бол хариуцлага хүлээх чадамжтай байна уу? гэдгийг тооцдог арай өөр, илүү чанга гэсэн үг. Хоёр өөр хуулийн систем учир ангилал нь тусдаа явах нь зүйтэй. Иргэний хуульд байгаа эрх зүйн чадамжийн хувьд хууль зүйн талаасаа асуудалтай биш байна.

Сэтгүүлч: Монгол Улс өргөн уудам газар нутагтай ч төвлөрөл асуудал болоод байна. Нэн ялангуяа нийслэлд газрын бүсчлэл, үнэлгээ гэх мэт. Мөн газраа Монгол хүн эзэмшиж чадахгүй байна. Зуслан, хашааны газар олголтыг зогсоох шийдвэр гаргасан, газраа эдийн засгийн эргэлтэд оруулах, үнэлэх, барьцаалах гэх мэтээр газартай холбоотой олон асуудлыг шийдвэрлэхэд Иргэний хуулийн шинэчлэл үр дүнгээ өгч чадах уу?

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Таны хэлж байгаа зөв. Бид иргэний хуульдаа өмчийн эрх зүйн суурь зарчмуудаа тохирч байж газрын эрх зүйд газар өмчлөлийн асуудал яах юм, газрын ашиглалтын асуудал яах юм гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Газрын харилцаа бол онцлог харилцаа. Иргэний газрын өмчлөлийн асуудал, газрын бүртгэл, газар дээрх үл хөдлөхийн бүртгэл салангид явж ирсэн, замбараагүй бүртгэснээс маргаан дагуулдаг. Газар, үл хөдлөхийн бүртгэлийн харилцаа суурийг Иргэний хуульд яаж зохицуулагдах шаардлагатай байгаа талаар санал дүгнэлт гарна гэж бодож байна.

Иргэний хуулийн шинэчлэл хийхэд урт хугацаа шаардагдана. 2002 оны Иргэний хуулийг 10-аад жил ярьсан. Сүүлийн 3-4 жил нь л хурдацтай ажилласан. Тэр хэмжээний шинэчлэл хийх гэж байгаа бол хугацаа шаардах байх. Одоогийн ажлын хэсгийн зорилго бол эхлээд хаанаа доголдоод байна гэдгийг олж илрүүлж, нэгдсэн тайлан дүгнэлт гаргана. Юуг нь засах шаардлагатай байна, бүхэлд нь үү, эсвэл хэсэгчилсэн зарим хэсгийг үү гэдгийг. Засаж сайжруулах гэж байгаа бол аль тийшээ юу нь болохгүй байна, хэрэгжихгүй байгаад уу, буруу томъёолсонд уу, эсвэл буруу хэрэглээд байна уу гэдгийг гаргаж ирнэ.

Бид Иргэний хуулиаараа иргэн иргэнтэй, аж ахуйн нэгж аж ахуйн нэгжтэй харилцах зэрэг хүч тэнцвэртэй этгээдүүд харилцах харилцааг зохицуулж байгаа. Харин хэрэглэгч банкнаас зээл авахад банктай, утасны дугаар авахад МОБИКОМ-той гэрээ байгуулахад нэг талд хэрэглэгч, нөгөө талд томоохон аж ахуйн нэгж, корпорациуд байдаг учир хүч тэнцвэргүй гэрээний харилцаа бий болдог. Энд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулиар нэмэлтээр орж ирнэ гэсэн үг. Бид суурь хуулиа сайн харж байж, цаашид дараа дараагийн Арилжааны хууль, Хэрэглэгчийн гэрээний тухай хууль, Газрын хуулиа ярих ёстой гэж харж байна.

Сэтгүүлч: Өв залгамжлалтай холбоотой олон кейсүүд гарч байна. Хүний амьдралын явцад олон гэрээ байдгийн нэг нь Гэрлэлтийн гэрээ байх. Ийм гэрээ манайд байж болох юм гэж хардаг. Ажлын хэсэг Нотариатын танхимтай хамтран ажиллахад гэрлэлтийн гэрээний асуудал хөндөгдөж байна уу?

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: 30 жилийн өмнөх гэр бүлийн харилцаа ямар байсан, одоо хувийн өмчтэй, амины өмч, эд хөрөнгөтэй болоод ирэхээр ямар асуудлууд байна гэж харах хэрэгтэй болно. Нийгмийн харилцаа хувьсан өөрчлөгчдөхийн хэрээр шинэ тутам олон асуудал амьдрал дээр гарч байна. Нарийвчилж авч үзвэл тээгч эхийн асуудал гэх зэрэг. Эдгээр асуудлын суурийг мэдээж Иргэний хуульд оруулаад, Монгол Улс Гэр бүл гэдэг инстуцийг цаашид ямар байлгана гэж харж байгаа бодлогоо тодорхойлоод, үүнд тулгуурласан Гэр бүлийн тухай хууль боловсруулах ёстой. Өмнө нь ХЗДХЯ-аас Гэр бүлийн тухай хуульд гэрлэлтийн гэрээ, гэрээнд тавигдах шаардлагуудыг хуульчлахаар орж ирсэн байсан. Яах аргагүй эд хөрөнгийн асуудал сөхөгдөөд ирэхээр гэрлэхээсээ өмнө тохирчихоор дараа нь гэр бүл салсан тохиолдолд гарах маргаан багасдаг учир зохицуулах хэрэгтэй гэж үзсэн байсан. Улс орнуудын жишээг харахад Гэрлэлтийн гэрээ зөвхөн эд хөрөнгийг хуваах, эд хөрөнгийн асуудлыг зохицуулахад чиглэсэн байдаг. Тэрнээс хүүхдийн эрх ашигтай холбоотой, ээж хүүхдээ авна, аав нь хүүхдээ авна ч гэдэг юмуу эд хөрөнгийн бус асуудлыг гэрлэлтийн гэрээнд тусгах боломжгүй юм. Гэр бүлийн маргаан дээр шүүх л зөвхөн хүүхдийн эрхийг хангаж шийдэхэд анхаарах ёстой юм. Тэгэхээр энэ хууль Засгийн газраас дахин орж ирэх байх гэж бодож байна. Бусад асуудлууд салбарын хуулиар илүү нарийн зохицуулагдаад явна байх.

Ярилцсанд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *