“Утааны эсрэг” сайд нь өөрөө утаагүй зуух сурталчлаад байсан нь учиртай байж…

0

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төсөлд эхний ээлжинд гэр хорооллын 32 мянган өрхөд давхар шаталтат зуух тараах, 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулах, 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлэх зэрэг ажил тусгагдсан байна. Тухайлбал, гэр хорооллын 32 мянган өрхөд давхар шаталтат зуух тараахдаа “Нүүдэлчин эко” гэх зуухаар туршилт явуулаад эхэлсэн. Уг зуух нь утаа бага ялгаруулдаг. Өөрөөр хэлбэл, зуух нь өөрөө утааг яндангаас гарахаас өмнө шатаадаг шинэ технологитой. Технологи нь Дэлхийн оюуны өмчийн байгуулагаар хүлээн зөвшөөрөгдсөн гэж зуухны компани өөрсдөө сурталчилдаг. Харин тэдний сурталчилгааг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа мөн яг адил агуулгаар сурталчилж байсан. 

Бүр өөрөө “нүүдэлчин” зууханд гал түлж үзсэн. Утаа гардаггүй юм билээ. Өмнөговь аймагт ч иргэд “нүүдэлчин” зуухыг хэрэглэдэг.

Баянгол дүүрэгт ч тус зуухыг авсан айлууд ам сайтай байдаг талаар С.Одонтуяа сайд ярьсан. Засаг даргаар нь ажиллаж байсан Баянгол дүүрэгтээ 2200 зуух сонгуулийн үеэр үнэгүй тарааж байсан туршлагатай тэрбээр энэ удаагийн 32 мянган өрхөд давхар шаталтат зуух тараах төсөлд ч онцгой үүрэг, оролцоотой байжээ. Тус зуухны тендер саяхан зарлагдаж, “Экоресурс” компани тендерт ганцаархнаа оролцож шалгарсан байна. Тэгвэл тендерийн тавигдах шаардлагуудыг ч С.Одонтуяа сайдын хүсэлтээр боловсруулжээ. Өнгөрсөн намраас гэнэт утаагүй гэгдэх “нүүдэлчин” зуух олонд танигдаад эхэлсэн. Одоо тэр зуухаа айл өрхүүдэд тараах гэж байгаа нь агаарын бохирдлын асуудалд хамгийн их эрх мэдэлтэй оролцдог Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяагийн эрх мэдлийн хүрээнд хийгдсэн ажил байжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *