Г.Пүрэвдэлгэр: Таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг жагсагчид санах хэрэгтэй

0

“Эрх чөлөөний эвсэл” намаас “Засгийн газар огцор” нэртэй жагсаалыг зохион байгуулж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 11, 12-нд нэлээд олон хүн үзэл бодлоо илэрхийлж уг жагсаалд оролцсон бөгөөд энэ үеэр багагүй зөрчил гарсан байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэсгийн дарга, Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр жагсаалын үеэр ямар зөрчил гарч тухайн зөрчилд ямар арга хэмжээ авсан талаар мэдээллээ.ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэсгийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 7, зөрчил 6 хэрэг бүртгэгдсэн байна. Түүнчлэн, иргэдийн эд хөрөнгийг эвдэж сүйдэлсэн, төрийн онцгой объект руу бие засах, нэвтрэх хориотой газар руу нэвтрэх гэж оролдох, цагдаагийн албан хаагчийн биед халдах, төрийн байгууллагын ажилтны савхан ясыг хугалсан, цагдааг шатнаас түлхэж унагаан гэмтээсэн зэрэг гэмт хэргийн шинжтэй хэргүүд гарсан бөгөөд холбогдогчийг шалгаж байна.Жагсагчид зам хаасны улмаас Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд түгжрэл үүсэж, иргэдийн зорчих эрхийг зөрчсөн. Тэнд ямар ч шалтгаантай хүн явж байж болно. Хүнд өвчтэй, ахмад настан, хүүхэд нь өвдсөн гэх мэт иргэд, яаралтай түргэн тусламжийн машин ч зорчиж байсан. Тэгэхээр зам хааж жагсах нь хууль бус тул бусдын эрхийг хүндэтгэж үзэхийг хүсье.

undefined

Цагдаагийн байгууллагаас уг жагсаал, цуглааны үеэр хүний эрхийг, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд зохион байгуулалттай арга хэмжээнүүдийг тасралтгүй авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, хүний төвлөрөл ихтэй байсан нэгдүгээр сарын 11-ний жагсаал, цуглааны өдөр Цагдаагийн албан хаагчид бага насны хүүхдээ дагуулсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, насанд хүрээгүй хүүхдүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нийт 129 иргэнд холбогдох журмын дагуу зөвлөгөө өгч, албаны автомашинаар хүргэх зэрэг үйлчилгээ үзүүлсэн.Жагсаал, цуглааны зохион байгуулж буй иргэд үзэл бодлоо илэрхийлэхэд Цагдаагийн байгууллагаас маш хүндэтгэлтэй хандаж байгаа. Хэрэгтэй, шаардлага үед нь зөвлөмжүүдийг хүргээд явж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эвлэлдэн нэгдэх, жагсаж цуглах эрхтэй. Гэхдээ уг эрхээ эдлэхдээ бусдын эрхийг хүндэлнэ гэсэн хууль зүйн үндсэн ойлголт байгаа. Үүнийг жагсаал, цуглаанд оролцогчдын зүгээс анхаарч бусдын эрхийг хүндлээсэй гэж хүсэж байна. Хэрэв бусдын эрхийг хүндлэхгүй бол хууль бус үйлдэл гэдгийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж бас зөвлөж байна.

Эх сурвалж: itoim.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *