“Гаднын даатгалын компани хэзээ ч нүүдлийн мал аж ахуйг ойлгоод босгоо бууруулахгүй”
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Энэ даатгалд малчдын сэтгэл ханамжийг хамрагдалтын тоогоор харч болно. Нийт өрхийн 11 хувь, нийт малын 7-8 хувь нь л даатгуулдаг гэж байна. Энэ даатгалын тогтолцоо 2014 оноос хэрэгжиж байна. Зудын түвшинг Сумын хэмжээнд авч үзэх нь хэвээрээ байна.
Даатгалын 6 хувийн босгыг байхгүй болгох гэж байгаа гэж битгий худлаа яриад бай.
Үүнийг жижиглэж багын хэмжээнд авч үзэх боломж байна уу? Хэлэлцүүлгийн тайланг уншихаар малын тоог үнэн зөв гаргаж байгаа эсэхэд эргэлзэж байна гэсэн байна. Гэтэл Монгол улс малаа хамгийн сайн тоолдог. Хүүхдээсээ илүү тоолдог биз дээ. Хоёрдугаарт, хөдөө орон нутагт хэлэлцүүлсэн байдлын тайланг авмаар байна.
Даатгалын 6 хувийн босгыг байхгүй болгох гэж байгаа гэж битгий худлаа яриад бай. Давхар даатгалын ХК-ийн саналыг харгалзаж босгыг тогтоодог болно гэнэ.
Бид нарт эсвэл буруу мэдээлэл өгөөд байгаа юм уу. Хэзээ ч гаднын даатгалын компани нүүдэлчин мал аж ахуйг ойлгоод энэ босгыг бууруулахгүй. Ахиад даатгалын босго өндөрсөнө гэсэн үг” гэв.
Сангийн сайд С.Жавхлан “Бэлчээрийн мал аж ахуйтай цөөн орон байдаг. Гэхдээ даатгалтай улс байхгүй. Бэлчээрийн даатгалтай цорын ганц улс бол Монгол. Энэ бол даатгалын тогтолцоо халамж биш. Босго байхгүй болж байгаа хуулиа сайн унших хэрэгтэй байх” гэв.
Үндэсний давхар даатгал ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлант “Багын түвшинд гарах хохирлын асуудлаар малчид их ярьдаг. Босго үзүүлэлтийг дэлхийн банкны шинжээчдийн боловсруулсан даатгалын бүтээгдэхүүний хүрээнд гарч ирсэн.
Энэ хугацаанд баг, сум, аймгийн түвшинд судалгаа хийж эдийн засгийн хувьд хэрэгжих хамгийн боломжит хувилбар нь сумын босго үзүүлэлтээр авч үзэх байсан. 2006-2014 оны үед туршилтаар хэрэгжиж байсан.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Архангай, Хэнтий, Увс аймгийг сонгож багын түвшний хохиролд 1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн хохирол гарах юм байна гэж тооцоолсон. Энэ тохиолдолд хувийн хэвшил оролцох боломжгүй гэдгийг илэрхийлсэн. Багийн хэмжээнд эрсдэлийг удирдах боломжтой гэж үздэг” гэлээ.