Нэр дэвшээгүй, ажилгүй байсныхаа төлөөсийг МАН-аас нэхэж, дипломат албыг уландаа гишгэгчид

0

Одоогоос дөрвөн жилийн өмнө /2021/ Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа нарыг МАН-ын Удирдах зөвлөл элчин сайдад дэмжилгүй унагааж байлаа. Өдгөө элчингийн суудал горилогч эмэгтэйчүүдийн бүхэл бүтэн арми бий болжээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадаагүй, өвдөг шороодсон, албан тушаал хүртээгүй хэн ч бай элчин сайд, консулаар явах өргөдлөө халааслаад Төрийн ордноор үзэгдэх болов.

Дипломат албанд халаа сэлгээг өргөн хүрээнд хийж эхлээд байгаатай холбоотой.

МАН-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл Турк юм уу Болгарт суух Элчин сайдаар явахаар амбицалж буй.

П.Анужин, Японы Осака явах тухай мэдээлэл хөвөрсөн. Түүний хувьд, АНУ болон Австрали улсад суух элчин сайдын суудлыг голж, тохиролцож чадахгүй байгаа гэгдэв.

Ц.Мөнхцэцэг юм уу Г.Мөнхцэцэг Герман улсад суух элчин сайдаар яригдаж буй. Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Г.Ёндонг зүтгүүлж байгаа гэх мэдээлэл гарсан.

Б.Баярсайхан, консулаар явуулах гэсэн ч “Элчин сайд болно” хэмээн зүтгэж, тохиролцоонд хүрэхгүй байгаа гэх.

М.Оюунчимэг, Пакистан улсад суух элчин сайдаар яригдаж байна.

ГХ-ны дэд сайд асан Н.Оюундарийг Бүгд Найрамдах Польш Улсад суух Элчин сайдаар томилохоор болсон.

Цаашлаад Б.Жаргалмаа, Д.Оюунхорол нарын нэрс ч элчин консулын томилгоо авах тохироонд багтсан тухай шуум хөврөөд буй.

МАН-аас УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгалан нар Элчин сайд болох амбицтай яваа бололтой.

Мэргэшсэн, мэргэжлийн гэхээсээ илүү улстөрчдийн ах дүү, хамаатан садан, найз нөхөд, ядахнаа фракц нэг нөхдүүд Элчин сайдаар томилогддог жишиг Монголын хувьд бичигдээгүй хууль болсон. Гэвч дээрх горилогчид “хэл”-нээсээ эхлээд шалгуурт тэнцэхгүй. Бүдэрнэ. Мерит зарчим бүр яриад ч хэрэггүй. Нэр дэвшиж чадаагүй, ажилгүй байгаагийнхаа төлөөсийг МАН-аас авах гэсэн эмэгтэйчүүдийн улайрал дипломат албыг уландаа гишгэж байгаа нь харамсалтай.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *