Метро: 2013 оны ТЭЗҮ-ийг өөрчилснөөр нийт уртыг 19 км болгож, 2030 онд ашиглалтад оруулахаар тооцлоо

Улаанбаатар хотод метро барих, ашиглалтад оруулах тооцоолол 2030 он болж хойшилсон байна. Мөн өмнөх ТЭЗҮ-ийг шинэчилж, замын нийт уртыг 19 км болгожээ.
Тодруулбал, төсөлд менежментийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Духуа инженеринг” компани үзүүлж байгаа. Мөн ТЭЗҮ боловсруулах бүлэг ажлыг түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлж байна. Түншлэлийг “Духуа инженеринг” тэргүүлж, “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр замын корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд гишүүнээр багтсан байна. Харин зөвлөх үйлчилгээний туслан гүйцэтгэгчээр Японы “Ниппон Коей” компани ажиллаж байгаа аж.
Улмаар, тэд ажиллаад 2013 оны ЖАЙКА-гийн хийсэн ТЭЗҮ-ийг багахан өөрчилсөн аж.
Анхны ТЭЗҮ-д шугамын нийт уртыг 17.7 км гэж тооцож байсан. Харин сүүлд 19 км болгохоор шинэчилжээ.
“Духуа инженеринг”-ийн зүгээс Улаанбаатар хотын нөхцөл байдал 2013 оныхоос эрс өөрчлөгдсөн гэж дүгнэжээ. Өмнөх ТЭЗҮ-гээр метроны шугамын зарим хэсэг нь газрын дээр байсан бол одоо 100 хувь газрын доогуур болгож өөрчилжээ.
Өмнө нь Б.Дэлгэрсайхан сайд, хотын дарга Х.Нямбаатар нар 2024 оны зургадугаар сард барилга угсралтын ажлыг нээнэ. 2027 онд дуусгаж, туршилт хийнэ. 2028 онд ашиглалтад орно гэж мэдээлж байв.
Тэгэхээр одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, уртыг 19 км болгож сунгаснаас гадна 2030 онд ашиглалтад оруулахаар болжээ.