“Турк-Монголын бизнес форум”-аар 15-20 тэрбум ам.долларын гэрээ, хэлцэл хийхээр боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНТУ дахь айлчлалын хүрээнд хоёр орны хамтарсан “Турк-Монголын бизнес форум” Истанбул хотноо боллоо.
Форумд Монголын талаас барилга, хүнс хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын 100 орчим төлөөлөгч, Туркийн талаас 130 орчим төлөөлөл оролцлоо. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулж байгаа энэхүү бизнес форумд манай улсын малын гаралтай түүхий эдийг Туркийн зах зээл рүү нийлүүлэхээр тус улсын энэ чиглэлийн компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн Шинжлэх ухаан, технологийн салбарт болон бусад хэд хэдэн салбарт хамтарч ажиллахаар хэлэлцлээ. БНТУ нь дэлхийн хэд хэдэн оронд нийтдээ 200 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй бөгөөд энэ хүрээндээ манай улсын дотоодын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, олон улсын зах зээлд гаргах боломжит байдлаар хамтрана гэв. Хоёр орны гадаад худалдааг сайжруулах хүрээнд уг форумаас 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл хийхээр болсон байна.