“Мөсөн сурын харвааг өвлийн олимпын төрөлд оруулах алсын зорилготой ажиллаж байна”
Монголын мөсөн сурын холбооноос 100 сая төгрөгийн шагналын сантай “ЛИГ” харваа зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.
Тус холбооны төлөөлөгч “Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харваа юм. Харваа маань сэргэснээр үндэсний дээлийн уламжлал сэргэх ач холбогдолтой. Монгол сурд газрын сур, мөсөн сур гэж бий.
Мөсөн сур бол мартагдаж, устахын даваан дээр Урианхай түмнээр дамжиж, хөгжиж 21 аймагт хөгжиж, салбартай болсон байна. Эрийн гурван наадмаас санхүүжилт багатай, тоогддоггүй спорт нь бол сур. Тиймээс Монгол анх удаа 100 саяын шагналын сантай мөсөн сурын Лиг тэмцээнийг зохион байгуулах гэж байна” гэлээ.
Холбооны ерөнхийлөгч н.Буяннэмэх “Мөсөн сурын талаар Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг. Мөсөн сурын харвааг 2013 оноос спортын төрөл болгон цол тэмдэг олгож эхэлсэн. Энэ сураар хичээллэснээр хүнлэг, тайван амгалан, эр зоригтой болгодог юм” гэлээ.
Мөсөн сурын УАШТ жил бүр зохион байгуулдаг. Тус тэмцээнээс шалгарсан 16 багыг лиг буюу магнай багуудын тойргоор тоглохоор 2025 ондоо зохион байгуулна. Ирээдүйд мөсөн сурын харваагаа өвлийн олимпт оролцуулах алсын хараатай хөгжүүлэхээр ажиллаж байна” гэлээ.