ЭТТ ХК-ийн Хүний нөөц эрхэлсэн захирлыг гадаадаас сонгон шалгаруулж, томилно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг өчигдөр хэлэлцсэн. Энэ үеэр ЭТТ ХК-тай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг эзэмшигчдээс бурхны орныг зорьсон хүмүүс байна. Гэтэл хувьцаа нь өвлөгддөггүй тодорхойгүй нөхцөл байдалтай байгаад байгаа. Тэгэхээр захиран зарцуулах хэмжээг нь тодорхой хүрээ, хэмжээтэйгээр өвлүүлэх боломж бий юү. Магадгүй гадаад улсын иргэнд эзэмшүүлэхгүй гэдэг ч юм уу?ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Хувьцааны талаар иргэдэд соён гэгээрүүлэх үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой. Энэ утгаараа Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулаад хувьцааны талаар мэдээлэл өгөх, ЭТТ-н 1072 хувьцааг энгийн хувьцаанд хөрвүүлэх бэлтгэл ажлыг явуулах урт хугацааны төлөвлөгөө хэрэгтэй. Шууд энгийн хувьцаанд хөрвүүлээд зарж, үр гэвэл иргэд хувьцааны талаар ойлголтгүйгээс болоод ногдол ашиг хүртэх эрх нь хөндөгдөх эрсдэлтэй. Тиймээс бид бэлтгэл ажлыг хангуулах, ажлуудыг шат дараалалтайгаар хийх ажлыг эхлүүлж байгаа. Энэ хүрээнд ЭТТ ХК-ийн хүний нөөц, санхүү гээд удирдах C түвшний удирдлагад сайн менежерүүд авахаар олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.УИХ-ын гишүүн Ө.Шижир: Төрийн өмчит болон төрийн өмчит оролцоотой компаниудын нийт активын хэмжээ 2019 онд 37 их наяд, 2023 онд 59 их наяд байсан бол 2024 оны жилийн эцсээр 64 их наяд 200 тэрбум болж өссөн байна. Тийм болохоор энэ байдлаа эргэн харъя гэж байгааг дэмжиж буй Орон нутгийн өмчит болон орон нутгийн оролцоотой гээд үзвэл 472 хуулийн этгээд бий. Үүнээс төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалагддаг 122 хувьцаат болон хариуцлагатай хувьцаат компаниудыг харахад ердөө 5 компани нийт ашгийн 90 хувийг бүрдүүлдэг.Гэтэл бусад аж ахуйн нэгжүүд ашигтай ажилладаггүй. Улс төрөөс улстөрчдөөс өндөр хамааралтай томилгоонууд явагдаад ирэхээр буцаад хариуцлага тооцох боломжгүй тийм тогтолцоог, ийм засаглалыг бий болгоод байна. “Эрдэнэс Монгол” нэгдлийн нэг захирал нь өөрийнхөө амь насыг 3 тэрбум төгрөгөөр үнэлж даатгал хийлгэсэн тохиолдол ч бий. Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн хувь эзэмшдэг “Оюу Толгой” компанийн аудитын тайланг зөвхөн төсвийн байнгын хорооны гишүүдэд нууцаар тарааж байгаа нь ямар учиртай вэ.Бусад УИХ гишүүдэд тайланг тараагаагүй, хүргүүлээгүй. Гадаад зээлээс дамжуулан зээлдүүлсэн зээлийн 1 их наяд 167 тэрбум байна. Эдгээр дээр хүртэл ил тод байдлыг яаж тусгаж байгаа вэ. “Эрдэнэс Монгол” нэгдэл Засгийн газрын 2023 оны 108 дугаар тогтоолоор өөрийн нэгдлийн ашигтай ажилласан 5 компаниас гэхэд л менежментийн төлбөр гээд орлогын 2 хувь хүртэлх хувиар тооцон 170 тэрбум төгрөгийг менежментийн төлбөр гээд авсан.ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: “Эрдэнэс Монгол” нэгдэл Баялгийн сангийн хууль батлагдсаны дараа реформ нь нэлээд сайн хийгдсэн. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” нэгдэлд 42 компани байсныг 31 болгож бууруулсан. Мөн 269 ТУЗ бол 66 болтлоо буурсан. Хараат бус гишүүдийн хувь 30 байсан нь 49 болтлоо нэмэгдсэн. Чиг үүргийн давхардлыг бууруулах ажлууд бодитой хийгдсэний үр дүнд Баялгийн сангийн орлого төвлөрч, хуримтлал үүсэж байна. Бид цаашдаа Баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэхэд шат дараатай арга хэмжээ авна.Одоо нууж хаах зүйл байхгүй гэж хэлдэг. Одоо энэ хууль гарснаар 74 мэдээлэл ил болно. Түүнчлэн, компанийн гүйцэтгэх захирлын гэрээн дээр хэрвээ та мэдээллийг ил болгоогүй бол ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэдгийг тусга гэж хуульчилж өгч байгаа. Бид ЭТТ ХК дээр хүний нөөц эрхэлсэн захирлыг гадаад салбартаа танигдсан, шинэ ур чадвар, мэдлэгийг Монголд авчиръя гэдэг утгаар гадны 20 компанид /хүний нөөцийн/ хамтарч ажиллах санал хүргүүлсэн. Ингээд олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байгаа. Ер нь гадаад хүнийг захирал болгож хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлээд шахалт, шаардлагаа тавиад явъя. Янз бүрийн хүн томилох нь ч багасах юм билээ.