Ард түмнийг хуурч цахилгааны үнийг дөрөв дахин нэмсэн Т.Доржханд сайд огцрох ёстой

0

Т.Доржханд улс төрийн тогтвортой байдал гэж ярьсаар хамтарсан Засгийн газарт орж Шадар сайд болсон. Тэрээр эрчим хүчний реформыг хийнэ. Энэ салбарт хөрөнгө оруулалт татна. Ингэхийн тулд юуны түрүүнд цахилгааны үнийг иргэдийнхээ амьжиргаанд нийцүүлэн нэмэхээс өөр арга байхгүй. Гэхдээ үнэ тарифыг бид огцом нэмэхгүй. Хамгийн ихдээ одоо байгаа үнэ дээр 30 хувь хүртэл л нэмнэ. Үүнээс илүүг нэмбэл ард түмний минь амьжиргаа, орлого дийлэхгүй гэж ярьж, амласан. Угтаа үнэ нэмэхээс эхлэх биш салбарт ужгирсан хүнд суртал, бүтцийг нь гажуудуулсан авлигын сүлжээг нураахаас эрчим хүчний реформ хийгдэх учиртай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан. Гэвч үнийг эхлээд нэмсэн. Гэтэл бодит байдал дээр цахилгааны төлбөр 30 хувь биш, гурваас дөрөв дахин нэмэгдчихсэн байна. Сард цахилгааны төлбөрт 30 мянган төгрөг төлдөг айл нэмэгдлийн 30 хувиар бодоход 39 мянган төгрөг л болох байсан. Харамсалтай нь Төрийн сайд бидэнд худлаа хэлсэн учраас энэ төлбөр 120 мянган төгрөг буюу дөрөв дахин нэмэгдчихсэн байна. Ингэж ард түмнийг хууран мэхлэх замаар төрийн ажил явуулж байгаа нь ёс зүйтэй үйлдэл мөн үү, Т.Доржханд сайд аа. Төрийн сайд хүн ард түмнээ ингэж гөлөг төөрүүлнэ гэгчээр тулга тойруулан хуурч болохгүй. Төрийн сайд худал хэлбэл хэн энэ төрд чинь итгэх вэ. Тиймээс хамгийн хориотой зүйл бол Монголын төр худал хэлж болохгүй, ард түмнээ хууран мэхлэх замаар удирдахгүй байх.

Мөн цахилгааны үнэ нэмэхийн тулд зориуд санаатайгаар тасалдал үүсгэж дүүрэг дүүргээр нь харанхуй болгож байсан юм биш үү гэсэн хардлага ард түмний дунд үүсчихээд байна. Тиймээс та ард түмнээ хуурч төрийн нэр хүндийг гутааж, ёс зүй алдсандаа хариуцлага хүлээж сайдын суудлаасаа огцрох ёстой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *