Х.Булгантуяа: Гишүүд тасалгааны цонхоор иргэдийн амьдралын хараад суулгүй хөдөө явж сонгогчдын саналыг сонс

0

УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-УИХ-ын намрын чуулганаар эцэслэж амжаагүй Гашуунсухайт, Ганцмод боомтын хил холболт болон шүүхийн асуудал зэрэг байна шүү дээ. Эдгээрийг хэлэлцэхийн тулд намрын чуулган ээлжит бусаар хуралдах уу?

-Одоогоор албан ёсоор бидэнд чуулганыг ээлжит бусаар хуралдуулах хүсэлт ирээгүй байна. Мэдээж нэн чухал хэлэлцэх асуудал байвал нэгэнт л ард түмний өмнөөс цаг наргүй ажиллана гэж тангараг өргөсөн хүмүүс учир хуралдаад л явна. Мөн парламентын 126 гишүүнээс 78 нь орон нутгаас буюу тойргоос сонгогдсон. Хувь гишүүний ажлыг ганц ордон дотроос харж, албан тасалгааныхаа цонхоор амьдралыг дүгнэж, ширээний цаанаас юм ярилгүй. Сая батлагдсан хуулиудаа гишүүд маань олон нийтэд болон өөрсдийн тойрогт очиж танилцуулах ёстой. Иргэдээс шүүмж, бухимдлыг сонсох ёстой. Иргэд, сонгогчдын уулзалтуудынхаа дараа хэрэгжихгүй байгаа хууль, сайжруулах ёстой эрх зүйн орчны өөрчлөлтүүдийг хийх ёстой. Энэ ажлыг бас чуулганы завсарлагааны хугацаанд хийх хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол УИХ-ын чуулганы танхимд төрийн байгууллагын хэдэн хүмүүс л орж ирж мэдээлэл хийдэг. Тэдгээрийн амнаас сонссон мэдээллээр УИХ өнөөдөр шийдвэр гаргах нь учир дутагдалтай. Сошиал орчин ч гэсэн иргэдийг 100 хувь илэрхийлж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Яг хотын захад байгаа. Хөдөө орон нутагт байгаа малчин иргэдтэй очоод уулзахаар аливаа асуудал дээр өөр өөр байр суурьтай байдаг.

-Та чуулганы хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн түүхий нүүрсний асуудлыг хөндсөн. Уг асуудлаар “нийслэл үүнийг шийдэх ёстой, улс төрийн шийдвэр гарах ёстой” гээд хотын даргатай маргалдаад байсан. Асуудал нэг талдаа гарсан уу?

-“Нийслэл сургуулиудыг аажим аажмаар шахмал түлш рүү шилжүүлж байна” гээд байгаа. Гэтэл 2025 онд гэхэд дөнгөж дөрөвхөн сургуулийг шилжүүлэх төсөв тавигдсан байна лээ. Цаана нь түүхий нүүрсээр галладаг 25 сургууль, 26 цэцэрлэг байгаа. Аймаг орон нутагт бол бараг 100 хувь түүхий нүүрс түлж байгаа. Ингээд аваад үзэхэд нийслэл жилд дөрвөн сургуулиа хийнд шилжүүлбэл нүүрс түлдэг сургууль, цэцэрлэгээс салах гэж 13 жил зарцуулна. Энэ арай дэндүү урт хугацаа. Хүүхдүүд маш урт хугацааг сургууль, цэцэрлэг дээрээ өнгөрүүлдэг. Цэцэрлэг л гэхэд өглөө эцэг эхчүүд ажилдаа явахдаа хүргээд, орой ажлаа тараад л авч байгаа шүү дээ. Хүүхдүүд өдөржин цэцэрлэг дээрээ байрладаг. Тэгэхээр ядаж хүүхдүүдийн ихэнх цагаа өнгөрүүлж буй сургууль цэцэрлэгийн орчин өнөөдөр утаагүй, тортоггүй, аюулгүй байх нэн чухал асуудал болчхоод байгаа. Тиймээс энэ асуудлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр шийдээч гэж байгаа юм. Улсын төсвөөр гэнэт их мөнгө гаргаж бүгдийг нь шилжүүлэхэд хүндрэлтэй байж магадгүй. Харин нөгөө талд энэ ажлыг хийе гэж байгаа хувийн хэвшил олон бий. Хувиар хэвшлээр хийлгээд 10-15 жилийн гэрээ байгуулж жил болгон үйлчилгээний хөлсөнд өгөх мөнгөө тохироод л хийчих асуудал шүү дээ. Өнөөдөр тогны эх үүсвэр нь ч Улаанбаатарт хүндрэлтэй байгаа энэ үед сургуулиудаа хий юм уу газ руу шилжүүлэх нь зөв шийдэл болчхоод байна.

-Энэ асуудал дээр нийслэл ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудлаар хотын дарга Х.Нямбаатарт санал хэлж үзсэн. Гэвч “энэ асуудал дээр улс төрийн шийдвэр гарах ёстой” гэж хэлж байна лээ. Харин би улс төрийн биш. Техникийн шийдвэр гарах ёстой гэж бодож байна. Техникийн хувьд эдгээр сургууль, цэцэрлэгүүдийг хий рүү шилжүүлэх боломжтой. Дээрээс нь төсөвт арай ачаалал багатайгаар төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх арга байвал хийх л ёстой. 126 улс төрч дотор газ, хийгээр мэргэшсэн. Уг асуудал дээр шийдэлтэй дугарах хүн байхгүй байх гэж бодож байна. Тиймээс уг асуудал дээр нийслэл яаралтай мэргэжлийн шийдвэрүүдийг гаргаж, өөрсдөө батлаад явах нь зүйтэй. Ингэж байж дараа нь аймаг орон нутгуудаа яах вэ гэдэг асуудлыг ярина.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *