Төрийн өмчит компанид ах дүүгээ ажилд оруулах гуйлга тасрахгүй байна
Төрийн өмчит компанид ах дүүгээ албан тушаалд томилуулах гуйлга тасрахгүй байгааг “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт учирлаж байна. Нээлттэй сонгон шалгаруулалт зарлан, шинэ баг бүрдүүлсэн ч байнга утас залган, анкет явуулах болжээ.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд төрийн өмчит 31 компани бий. Иймээс ажил, албан тушаалтай залгуулах асуудлыг гүйцэтгэх захирал “базна”, зохицуулна гэж боддог бололтой.
Засгийн газар төрийн болон орон нутгийн өмчит компаниудад репорм хийж, сүүлийн гурван жил дараалан ашиггүй ажилласан компанийг татан буулгахаас эхлээд заримыг нь нэгтгэж, төсөвт ачаалал үүсгэж байгаад цэг тавих зорилго агуулан холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-аас эл төслийг хараахан батлаагүй, хаврын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэж батлах чигтэй байгаа.
Монгол Улсын хэмжээнд 120 орчим төрийн өмчит компани байгаа бол орон нутгийн өмчит компанийн тоо тоймоо алдсаныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдэгдсэн удаатай. Гэвч төрийн болон орон нутгийн өмчит компанид репорм хийх Засгийн газрын санаачлагыг эрх мэдэлтнүүд ах дүүгээ ажилд оруулах “шахаа”-гаар сулруулж мэдэхээр байна.