Ухаа худаг ордыг “Энержи ресурс” ХХК-д “бэлэглэсэн” асуудлыг шалгах ажлын хэсгийг О.Алтангэрэл сайд ахална
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Монгол Улсын онц чухал стратегийн ордын нэг болох Ухаа худагийг хувийн хэвшилд олгосонд бодит дүгнэлт гаргаж, ажил хэрэгчээр хандахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд даалгав.
Ухаа худаг бол Тавантолгойн бүлэг ордын хамгийн бага зардлаар өндөр чанартай коксжсон нүүрс олборлох Тавантолгойн ӨРӨМ НЬ гэгддэг 460 сая тонн нөөцтэй хосгүй баялаг орд юм.
Ухаа худаг ордын хайгуулыг улсын төсвөөр хийсэн бөгөөд УИХ-ын тогтоолгүйгээр, Засгийн газрын ч тогтоолгүйгээр, Засгийн газрын ТЭМДЭГЛЭЛ гэгч юмаар MCS-ийн мэдэлд оччихсон гэдэг факт нь баримтаар ил болсныг хэдхэн хоногийн өмнө улс нийтээрээ харсан.
Монголын төр эл асуудал дээр анхаарлаа хандуулж, ийнхүү шуурхайлан хөдөлж байгаа ажээ.
Ч.Сайханбилэгийн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг УИХ-аар оруулалгүй шийдвэрлэсэн явдлыг Л.Оюун-Эрдэнэ төрд авах ёстой гэж ЗГХЭГ-ын дарга байхдаа “Монголын Зэс”-ийнхэнтэй ширээний ард суухыг урьж байсан. Энэ хэлэлцээрийн ширээний араас өнөөдөр Монголын уул уурхайн томоохон ордуудад төр ямар оролцоотой байх вэ гэдэг асуудал хурцаар тавигдсан аж.
Тавантолгойн бүлэг ордын нэг болох Ухаа худагийг 2008 онд “Энержи ресурс”-ийн өр төлбөрт өгөх шийдвэрийг Ерөнхий сайд асан С.Баярын үед гаргаж байжээ. Уг нь 86 хувийг нь төрд буцааж авсан ч ийн хамгийн их нөөцтэй ордыг нь “MCS”-ийн Ж.Оджаргал тэргүүтэй 11 хүний эзэмшлийн хамтарсан консерциумд өгчихсөн байна.
Баялгийн асуудал хөндөгдөж байгаа энэ цаг үед стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг орд дээр MCS талынхан эрх ашгийнхаа төлөө улс төрд олон талаар “нөлөөлж” байгаа нь үнэн.
Эргээд Ухаа худагийг ямар замаар MCS-т өгсөн бэ гэдэг асуудлыг сөхөхтэй зэрэгцээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудлаар УИХ, Засгийн газрын өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийн танилцуулж, боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан байна.

“Эрдэнэс Монгол” нэгдэлд ТӨК-үүдийг нэгтгэж, менежментийг нь жишиг болгох асуудлыг Х.Нямбаатар эхлүүлсэн. Харин ураны томоохон төслөө явуулж, дараа дараагийн олон улсын гэрээ байгуулахад жишиг болох “Орано майнинг”-ийн гэрээг Н.Учрал ажил хэрэг болгосны араас Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын гэрээг Ц.Туваан гардаж ажилласан нь Засгийн газар танхимаараа урагшилъя гэдэг амбицтай байгааг илэрхийлж буй буй аж.
Үндсэндээ салангид биш, нэгдсэн зарчмаар явъя гэсэн байр сууриа бататгаж энэ удаад Монголын чухал стратегийн ордын нэг болох Ухаа худагийг хувийн хэвшилд олгосонд бодит дүгнэлт гаргаж, ажил хэрэгчээр хандахыг О.Алтангэрэлд даалгав.
Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, ЗГХЭГ-ын, Хууль эрх зүйн газрын дарга Д.Саруул-Эрдэнэ нар багтсан байна.
Ажлын хэсгийн дүгнэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл биечлэн хариуцаж, танилцуулах үүрэг хүлээжээ.