“Эрдэнэс Тавантолгой” ХК 4.5 их наядын цэвэр ашигтай ажиллажээ

0

“Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн удирдлагууд өнөөдөр /2025.02.20/ 2024 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Монгол Улсын нийт иргэд хувьцааг нь эзэмшдэг Тавантолгойн ордод төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаа эрхэлдэг.

Тус компани 2024 онд нийтдээ 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрсний борлуулалт хийж, 3 тэрбум ам.долларын буюу 10.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ.

Ингэхдээ 3.5 их наяд төгрөгийг улсын төсөвт татвар хэлбэрээр төвлөрүүлсэн байна.

Нийтдээ 3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллласнаар 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн өмнө тулгарч буй нэг асуудал 2024 оны I улирлаас өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний үнэ 44 хувиар унасан байна. Ингэхдээ хатуу коксжих нүүрсний үнэ 44 хувиар унажээ. Ийм үед биржийн арилжаа ч сорилттой тулгарч, борлуулалтын орлого буурах хандлагатай болжээ. Энэ оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ сэргэх болов уу гэдэг хүлээлттэй байгаа аж.

УИХ-аас баталсан холбогдох хуулийн дагуу 2023 оны хоёрдугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь анх биржийн арилжааг эхлүүлж байсан бөгөөд тэр үеэс нэг ч амны гэрээ байгуулаагүй. 2023 онд нийт борлуулсан нүүрсний 17 хувийг биржээр зарж, худалдан авагч талд хүргэж өгсөн бол 2024 онд 38 хувь хүртэл нэмэгдүүлсэн. Ингэснээр 29.6 сая тонн нүүрсний 38 хувь буюу 11.6 сая тонн нүүрсийг худалдан авагч талд хүргэж өгчээ.  Үлдсэн нүүрсний борлуулалт нь урт хугацаатай байгуулсан байсан амны гэрээтэй нүүрс аж. Энэ онд биржээр арилжаалах нүүрсний хэмжээг 40 хувь давуулах, цаашлаад 50 хувьд хүргэх зорилт тавьжээ.

Нүүрсний үнийн уналттай холбоотойгоор биржийн арилжаа сорилттой тулгараад байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн холбогдох албан тушаалтан мэдэгдлээ.

2023 онд биржийн арилжаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 115 удаагийн биржийн арилжаа зохион байгуулж, 2.8 тэрбум ам.долларын үнэлгээтэй 25 сая тонн нүүрсийг биржээр арилжаалсан.

2023 онд 9.8 сая тонн нүүрс биржээр арилжаалсан бол 2024 онд 15.3 сая тонн болгон нэмэгдүүлжээ. Энэ онд биржээр борлуулах нүүрсний хэмжээг дээрх түвшингөөс бууруулахгүй байх зорилт тавьсан байна.

Мөн 2024 онд нүүрс баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, Загийн усны хоолой зэрэг нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлийн төслүүдийг ашиглалтад оруулж, ордын нөөц баялгийн нэмэгдүүлэн урт хугацаанд үр ашигтай, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэн ажилласан байна.

Сануулахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хуралдаан өчигдөр /2025.02.19/ болж, 1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл 100.000 төгрөгийг хоёрдугаар сарын 28-нд, үлдсэн 90.000 гаруй  төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэх шийдвэр гаргажээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *