ХОВД | 9 жил ашигласан халуун усны байрыг 1.5 тэрбумаар авч, ЦЭЦЭРЛЭГ болгохоор болжээ

0
xowd1

Боловсрол шинжлэх ухааны яам, Ховд аймгийн засаг даргын тамгын газраас 75 ортой, хүүхдийн цэцэрлэгийн тендер зарлажээ.

Улмаар ашиглалтад ороод 9 жил болсон нийтийн халуун ус, сауны барилгыг цэцэрлэг болгохоор 1 тэрбум 560 сая төгрөгөөр худалдан авсан байна.

Энэхүү тендерт “Харганы ус констракшн” гэх компани шалгарсан бөгөөд дээрх компани өмнө нь энэ тендерт гурван удаа ороод шаардлага, стандарт хангаагүй гэдэг үндэслэлээр хасагдаж байжээ.

Гэсэн хэдий ч орон нутгийн сонгуулийн дараа аймагт АН олонхи болж гарч ирснээр Аймгийн худалдан авах ажиллагааны газар ийнхүү нийтийн халуун усны байрыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авах зөвшөөрлийг өгсөн байна.

Уг барилгын тухайд 2016 онд нийтийн халуун ус, сауны зориулалтаар барьж ашиглалтад оруулаад, нийтийн халуун усны үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд орон сууцны дунд баригдсан хоёр давхар барилга аж.

Тухайн үедээ 500 сая төгрөгийн өртгөөр бариад, есөн жил ашигласны эцэст ийнхүү төрд 1.5 тэрбум төгрөгөөр “шахаад” байгаа нь энэ юм.

Хэдийгээр Ховд аймагт хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ муу, шинэ цэцэрлэг нэн шаардлагатай байгаа боловч хуучин, зориулалтын бус, стандарт хангаагүй халуун усны газрыг хүүхдийн цэцэрлэг болгох гэж байгаа нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна.

Харин энэ талаар “Харганы ус констракшн” компанийн захирал Г.Баянмөнх олон нийтэд тайлбарлахдаа “Энэ барилгыг халуун усны чиглэлээр ажиллуулах боломжгүй болсон. Учир нь эхнэр маань төрөөд, үүнийг хариуцаж ажиллах хүнгүй байгаа учраас тендерт оролцсон. Өмнө нь гурван удаа цахим тендерт оролцсон боловч бичиг баримт дутуу гээд хасагдаж байсан. Энэ удаад шалгараад, Э.Уртнасан даргатай гэрээ хийсэн. Цаашид энэ барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтой. Цэцэрлэгийн барилгаа хүлээлгэж өгсний дараа гэрээнд заасны дагуу нэг жилийн хугацаанд чанарын баталгаа өгч чадна” гэжээ.

Нөгөө талаас орон нутгийн иргэд тендерт шалгарсан “Харганы ус констракшн” компани нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын дарга Б.Шинэзоригтой эртнээс хамааралтай гэх мэдээллийг өгч байгаа юм. Дээрх мэдээллээс үзвэл 9 жил ашигласан халуун усны барилгыг улсад өндөр үнээр “шахсан” энэ тендерт албан тушаалтнуудын нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй юм. Тиймээс холбогдох яам, аймгийн удирдлагууд улсын мөнгө хэрхэн юунд зарцуулагдаж байгаад хяналт тавьж, хариуцлага нэхэх шаардлага үүсээд байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *