Х.Мөнхжаргал: ЭТТ-н төрд ногдох цэвэр ашгийн 34 хувийг Үндэсний баялгийн санд хуримтлуулна

0

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр жил гаруйн хугацаанд ажиллаж байгаа Х.Мөнхжаргалаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим асуултад хариулт авлаа.2024 оны жилийн эцсийн санхүүгийн балансаар Эрдэнэс Тавантолгой ХК 10.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, улсын төсөвт 3.5 их наяд төгрөг төвлөрүүлсэн байна. Татварын дараах цэвэр ашгийн хэмжээ 4.5 их наяд төгрөг буюу 2023 оны цэвэр ашгаас 1.3 их наядаар давжээ. Үүнээс 3.9 их наяд төгрөгийг иргэд болон төрийн эзэмшилд ногдох хувьд ногдол ашиг хуваарилна.-Өнгөрсөн онд Эрдэнэс Тавантолгой ХК түүхэн дээд хэмжээгээр буюу 30 орчим сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ он гарсаар нүүрсний үнэ эрчимтэй буурч, цаашид ч буурах төлөвтэй байна. Үүнээс шалтгаалж компани төлөвлөсөн орлогоо олж чадахгүй нөхцөл байдал үүсвэл ямар арга хэмжээ авч ажиллах вэ?-Экспорт биет хэмжээгээрээ хэвийн гарч байна. Харин үнийн уналт борлуулалтын орлогод шууд нөлөөлөөд эхэлсэн. 2024 оны эхний улирлаас хойш өнөөдрийг хүртэл нүүрсний үнэ тонн тутамдаа 45 хувиар унасан байна. Энэ  нөхцөл байдал 2024 оны нийт борлуулалтын орлогод ч нөлөөлсөн. Гол баримталж байгаа бодлого бол биет хэмжээгээ аль болох буулгахгүй, нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд экспортын шинэ сувгуудыг нээхээр ажиллаж байна. Зам-Үүд-Эрээн чиглэлийн боомтоор нүүрс экспортлох боломжийг судалж, тодорхой зөвшөөрлүүдийг авахаар ярьж байна. Мөн Ханги-Мандал чиглэлийн боомтыг нүүрсний экспортод түлхүү ашиглах шаардлага бий. Тус чиглэлд авто замаар нүүрс экспортлохыг хориглосон. Концессын авто зам баригдсан ч улсын комисс хүлээж аваагүй байна. Хэрвээ энэ замыг ашиглаад эхэлбэл нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдэнэ. Нөгөө талд Ханги-Мандал чиглэлийн төмөр замаар нүүрс экспортлох боломжтой. Гэхдээ тус чиглэлийн төмөр замын тариф өндөр байгаа учраас манай харилцагчид тээврийн зардал өндөр гарна гээд сонирхол нь буурч байна. Эдгээр асуудлуудаа шийдчихвэл экспортын биет хэмжээгээ нэмэх замаар борлуулалтын орлогоо төлөвлөсөн хэмжээндээ хүргэх боломж байна.-2024 оны Эрдэнэс Тавантолгойн цэвэр ашгаас төрийн эзэмшлийн хувьд 2.8 их наяд төгрөг хуваарилагдахаар байна. Энэ эх үүсвэрийг толгой компани болох “Эрдэнэс Монгол” захиран зарцуулах эрхтэй гэсэн үг үү?-Нийт 3.9 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилагдаж байгаа. Үүнээс 1.1 их наяд нь иргэд болон аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хувьцаанд ногдох ногдол ашигт хуваарилагдана. Харин 2.8 их наяд төгрөг нь Эрдэнэс Монгол буюу төрд ногдох хувьцааны ногдол ашиг юм. Төрд хуваарилагдах ногдол ашгийн 34 хувь нь хуулиараа Үндэсний баялгийн сангийн хуримтлалын орлого болно. Үлдсэн 66 хувийг Эрдэнэс Монгол компанид өгөх ёстой. Гэхдээ 2022, 2023 оны төрд ногдох ногдол ашгаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийг хаах байдлаар Эрдэнэс Монгол компанид шилжүүлж байгаа.-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьсан санхүүжилтийг нүүрсээр буюу оффтейк гэрээ байгуулж барагдуулсан. Энэ гэрээг бүрэн хаасан гэж мэдээлсэн. Ойролцоогоор хэчнээн тонн нүүрсийг, хэдээр борлуулж хаасан бэ?-Энэ чиглэлийн төмөр замын нийт санхүүжилтийн өртөг 1 тэрбум ам.доллар буюу 3.2 их наяд төгрөг болсон. Энэ санхүүжилтийг бүгдийг нь оффтэйк гэрээгээр нөхсөн. Үүний хувьд тонны тутмыг нь дунджаар 70 орчим ам.доллароор тооцож худалдаалсан. Энэ оффтэйк гэрээг 2024 онд бүрэн хаасан.-Хятад, Монголын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Хятадын “Чайна Энержи” групп Тавантолгой бүлэг ордын хоёр орд дээр олборлолт явуулахаар болж байна. Тэгэхээр “Онч хараат” болон “Бортолгой” орд дээр ЭТТ огт олборлолт хийгдэхгүй гэсэн үг үү?-Тавантолгой бол таван ордоос бүрддэг. Онч хараат, Бортолгой бол манай лицензэд хамаарах ордууд. Энэ ордууд дээр ерөнхий хайгуул хийгдсэн, харин нарийвчилсан хайгуул хийгдээгүй. Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу “Чайна Энержи” компани жилийн 20 сая тонн нүүрсний худалдан авалт хийнэ. Үүнийг хангахын тулд бид одоо байгаа ордоосоо өөр орд ашиглах шаардлагатай болно. “Чайна Энержи”-д Онч хараат, Бортолгой ордыг лицензтэй нь өгчихсөн асуудал огт байхгүй. Энэ ордууд дээр удахгүй нээлттэй сонгон шалгаруулалт зарлана. Олборлолтыг монгол компани ч хийж болно. Худалдан авагч нь “Чайна Энержи” гэсэн үг.-Энэ хоёр ордын нөөц ойролцоогоор хэд вэ. Эрчим хүчний нүүрс үү, коксжих нүүрс нь илүү юү?-Нийлээд нэг тэрбум тонн нөөцтэй. 55 хувь кокс, 35 хувь нь хагас кокс, 10 хувь нь эрчим хүчний нүүрс бөгөөд сорчилж олборлохгүй гэсэн хэлэлцээрийг эхний байдлаар хийсэн. “Чайна Энержи”-д 16 жилийн хугацаанд 220 сая тонн нүүрс нийлүүлнэ.-Тавантолгой баруун цанхид олборлолт явуулж буй Админерал компанитай байгуулсан гэрээг цуцалсан  гэдэг үнэн үү?-2025 оны нэгдүгээр сард Админерал компанид цаашид хамтран ажиллах боломжгүй боллоо гэдэг актаа хүргүүлсэн. Нийт дөрвөн гэрээ байгуулсан бөгөөд бүгдийг нь цуцлах саналаа хүргүүлсэн байгаа.

 -Ярилцсанд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *