Биржээр 32 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2025.08.06/ Монголын хөрөнгийн биржээр дамжуулан таван багц буюу 32 мянган тонн эрчим хүчний нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалсан байна. Арилжаанд хоёр оролцогч оролцож үнэ 2.6 хувиар өсөж 35.10 ам.доллароор хэлцэл хийгджээ.
Нүүрсний үнийн уналтаас болж, тус компани энэ оны эхний хагас жилд 10.2 сая тонн нүүрс борлуулсан байдаг. Зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан худалдааны болон тээврийн оновчтой бодлогыг хэрэгжүүлснээр өнгөрсөн долдугаар сард 2.6 сая тонн нүүрс борлуулснаас нэг сая тонн нүүрсийг Хөрөнгийн биржээр арилжаалсан юм.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа нь зөвхөн биржээр хийгддэг болсон бөгөөд өнгөрсөн сард хийгдсэн нэг сая тонн нүүрсний биржийн арилжааны 25 хувийг коксжих, 45 хувийг эрчим хүчний нүүрс, 25 хувийг 1/3 коксжих нүүрс, 5 хувийг баяжуулсан нүүрс тус тус эзэлсэн юм.