Босгоо хөрөөдсөн ПАРЛАМЕНТ

0
image-404952ed-50bb-44e0-be80-d4d6b4af0eee

Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн iToim.mn сайт үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан “Нийтлэлч Отгонбаяр” сангаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг зарлаад байгаа билээ. Тэргүүн нийтлэлийн уралдаанд ирүүлсэн бүтээлээс хүргэж байна.

УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ байхдаа шүүхээс ял сонссон Дав.Цогтбаатарыг хаврын чуулганы эхэнд эгүүлэн татах тухай мэдээлэл ойрын өдрүүдэд хөвөрч байна. Гурван шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх эцэслэсэн учраас ийм яриа үүсэхээс аргагүй, нөгөө талдаа улс төрийн өрсөлдөгчдийнх нь татуулах хүсэл ч ил цагаан илэрнэ.УИХ-ын 1-р тойргоос (Архангай, Баянхонгор, Өвөрхангай) сонгогчдын санал авч сонгогдсон Д.Цогтбаатар хэвлэлийнхэнд тайлбар өгөхдөө “УИХ-аас явах, суух тухай ямар ч бодолгүй, би бол ард түмний сонголтоор мандат авч парламентад орж ирсэн хүн шүү” гэсэн байна лээ. Түүний зөв. Түүнийг Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд анх нэр дэвшихэд нь ч, сонгогдсоных нь дараа ч хүлээн зөвшөөрч, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлсэн.УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг. Үндсэн хуулийн дагуу хуулиар хамгаалсан халдашгүй байдлыг хувь гишүүн Д.Цогтбаатар өөрөө ч хамгаалж ярина. УИХ-ын тухай хуулийн “9.1.5.гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол эгүүлэн татах тогтоол гаргана” гэснээс үзвэл хаврын чуулганы эхэнд Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хэлэлцэж, шийдвэрээ гаргах байх. УИХ нэг гишүүнийхээ бүрэн эрхийг дуусгавар болгох, авч үлдэх шийдвэрийн алийг ч гаргасан асуудал шийдэгдэхгүй, хаврын улс төрийн гол сэдэв болж, маргаан Үндсэн хуулийн Цэц рүү шилжинэ. Түүх товч өгүүлье. Жишээ 1: 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа шүүхээс ял сонссон дөрөв дэх хүн бол Д.Цогтбаатар гишүүн. Түүний өмнө одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2008 онд УИХ-ын гишүүн байхдаа анхан шатны шүүхээс 2 жил нэг сарын жилийн ял сонссон байдаг. Давж заалдах шатны шүүх ялыг хэрэгсэхгүй болгосноор цаашид өрнөх эрх зүйн ойлгомжгүй байдал намжсан. Учир нь түүний бүрэн эрхийг УИХ-аас түдгэлзүүлээгүй байв.Жишээ 2: Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад анхан шатны шүүхээс 2020 оны долдугаар сард 6 жилийн ял оноов. Ерөнхий сайдаар ажиллаж байсан, УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшээд байхад нь асуудал дэгдсэн, тэр ч бүү хэл УИХ-д улиран сонгогдсон. Дараа нь хяналтын шатны шүүхээс хэргийг буцаасан тул ял хүчингүй болж, 2021 оны гуравдугаар сард УИХ-ын гишүүний тангаргаа нөхөж өргөж байлаа. Жишээ 3: Архангай аймгаас УИХ-д сонгогдсон Ё.Баатарбилэгт шүүхээс 2023 онд Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан 6 жилийн ял сонсгов. УИХ мөн л түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэсэн учраас ялтай гишүүн болж парламентын сондгой түүхийг зузаалсан байдаг. Жишээ 4: Хамгийн сүүлийн жишээ бол яг одоо хэрэг мандаагаад байгаа УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар. Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан шалгаад 20 сая төгрөгөөр торгох ял оноосныг Улсын дээд шүүх эцэслэв. Нэр дэвшигчид ял шийтгэлтэй эсэх талаар тодорхойлолт авдаг хуультай, түүнийг нь хянадаг байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо. Анхан шатны шүүхээс ял оноосон байсан ч ямар нүхээр УИХ-д нэр дэвшээд, ногоон гэрлээр явчихсан нь хачирхалтай. Хууль хяналтынхан үүнийг шалгаж тогтоох байх. Өмнөхүүдээс ялгаатай нь гишүүн болоогүй байхдаа шүүхээс ял сонссон атлаа УИХ-д нэр дэвшээд сонгогдчихсон, ийм учраас Ерөнхий прокуророос түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-д оруулаагүй.Монголын шинэ үеийн улс төрийн түүхэнд УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа шүүхээс ял шийтгүүлсэн жишээ цөөнгүй. Тэднийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа ял сонссон, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсний дараа ял авсан гэж хоёр хувааж үзэхээс өөр аргагүйд хүрчээ. Энд бүрэн эрхтэйгээ байхдаа шүүхээс ял сонссон гурав, ял авчхаад гишүүн болсон нэг жишээг л дурдав. УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж Үндсэн хуульд заасан хэдий ч тэднийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, ял өгч болохгүй гэсэн үг огт биш. Шүүхийн практикт гишүүн байхад нь ял өгсөн, гишүүнээс түдгэлзүүлсний дараа ял өгсөн гэсэн тохиолдол яригдах нь байна. Өнгөц харвал шүүх парламентын, гишүүдийн халдашгүй байдалд халдаад байгаа мэт боловч УИХ-ын босго намсаж, парламентын засаглалын төлөвшилд асуудал байгааг саяын дөрвөн жишээ бэлхнээ илтгэнэ. Үндсэн хууль болоод бусад хуульд зааснаар гэмт хэрэгт шалгагдаж байгаа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор гаргадаг. Маш олон гишүүнийг шалгах бодитой шаардлага байна гээд ороод ирэхэд нь УИХ өөрөө бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй ээ гээд гүрийгээд гаргачихдаг. Нэг танхимд суудаг “ангийн” гишүүнээ нэг удаадаа хамгаалаад өнгөрөх боловч хууль хяналтын байгууллага, цаашлаад шүүх хараат бусаар шийдвар гаргахад УИХ-ын өөрийнх нь удаа дараагийн шийдвэр хориг саад болж, засаглал хоорондын зөрчил үүсэх шалтгаан болоод байгаа хэрэг. Ял өгсөн шүүхэд биш гэмт хэрэгтнийг хаацайлдаг УИХ-д өөрт нь асуудал байна. Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очиж шалгуулаад ир гэж УИХ-аас тухай бүрд нь зориг гарган шийдэж байсан бол ялтан гишүүдийн эдгээр түүх яригдахгүй байлаа. Төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон хүмүүс ялтан болоод байгаа нь үндсэн хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, УИХ-ын сонгуульд оролцож буй улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулахдаа ёс суртахууны наад захын шалгуурыг үл хайхардгийн гор гарч байна. Ёс суртахуун байтугай хуулийн шаардлага хангахгүй хүнийг төрийн сонгуульд илгээдэг энэ үйлдлээ намууд зогсоохгүй бол асуудал улам томорно. Засаглалын хямралд хүргэх ч эрсдэлтэй. Мордохын хазгай гэж монголчууд ярьдаг даа. Яг л энэ. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагатай байна гэх Ерөнхий прокурорын саналд УИХ олонхоороо хүч түрэн кнопдож хаалт тавьдгаа зогсоох цаг болжээ. Наанаа нэг, хоёр гишүүний асуудал мэт боловч цаагуураа парламентын засаглалд итгэх олон нийтийн итгэлийг асар ихээр унагаж, сулруулж байгааг мэдэх, мэдрэх ёстой. Бодит жишээ өгүүлэхэд, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог хамгийн олон сонгогдсон гишүүдээр бүрдүүлэх хуультай. Гэтэл 126 гишүүнтэй болж өргөжсөн одоогийн парламент 2024 онд хоёр удаа сонгогдсон гишүүнийг Байнгын хороонд оруулаад зогсохгүй даргаар сонгосон. Хууль зөрчин байж нэгэндээ албан тушаалын бялуу хуваарилах гэсэн жижигхэн “Хор найруулга”-ын цаана гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ хамгаалж үлдэх нэрээр хорлодог том алдаа оршиж буй. Хууль тогтоох байгууллага хуулиа илтэд зөрччихөөд бурууг шүүх рүү бухах, бусдыг хууль биелүүлэхийг шаардах нь зохимжгүй. УИХ энэ мэт хуулийг санаатайгаар зөрчсөн үйлдлээрээ парламентын өндөр босгыг өөрсдөө хөрөөдөж байна. Босгогүй гэрийн үүдээр буян, бузар хоёр зэрэг чихэлдэн орно.Амаараа парламентын засаглалын дархлааг бэхжүүлнэ гэж ярих атлаа үйлдлээрээ УИХ-ыг хүчгүйдүүлж, сульдааж болохгүй. Үг, үйлдэл нь зөрсний хамгийн том жишээ бол гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа шүүхээс ял сонссон гишүүд. Үндсэн хууль болоод бусад хуульд ямар ч салаа утгагүйгээр УИХ-ын хэн нэгэн гишүүн гэмт хэрэгт шалгуулж байгаа бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд хуульд тушаа, буруугүй бол эгүүлээд ав гэчихсэн. УИХ энэ үүргээсээ ихэнхдээ няцаж байгаагаас олны дунд нэр нүүрээ барах болсон. Гишүүдийн тоог 76-гаас 126 болгож нэмээд парламентын дархлааг бататгачихдаг юм биш. Парламентын засаглалын хамгийн сайн манаа, дархлааны вакцин нь хууль дээдлэх ёс, олон нийтийн итгэл хоёр юм.Олон нийтийн хамгийн ихээр хүсэмжилж буй шударга ёсыг тогтоох үйл явц  парламентын танхимаас эхлэх учиртай гэж зүгээр ч нэг хэлээгүй байх. Улс төрийн намууд нэр дэвшигчдэдээ, УИХ гишүүддээ гагцхүү хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэхгүй бол багц багцаар нь хууль батлаад, олон гишүүнтэй болоод ч улам л дордоно. Хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургууль төгсөхөд босго оноо тавьдаг атлаа төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох засаглал өөрөө ямар ч босгогүй цааш явбал УИХ-ын гишүүний халдашгүй байдлаар гэмт үйлдлээ халхавчлах гэсэн хүн сүргийн бөөгнөрөл болж дахиад давжаарна. Нэг талаас ёс суртахууны, нөгөө талдаа хуулийн шалгуур, босгоо хөрөөдөх биш өндөрсгөх цаг болжээ.

Эх сурвалж: itoim.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *