Архангай аймгийн хаваржилт хүндэрсэн сумдуудын айл өрхөөр ажиллах үедээ Өгийнуур сумын Дойт багийн малчин А.Мягмарынхаар зочиллоо
1000 гаруй малтай байсан А.Мягмарынх нийт мал сүргийнхээ 70 орчим хувийг алдаад буй аж. Уг нь өнгөрсөн өвөл өвс тэжээлээ багагүй базаасан ч хаанаа ч хүрэлгүй дуусжээ. Өвс тэжээлээ бага багаар худалдаж авах нь санхүүгийн дарамтад хүргэж байгааг ч гэрийн эзэгтэй дурдлаа. Учир нь намар 8-10 мянган төгрөгийн ханштай байсан өвс тэжээл өнөөдөр 28-30 мянгад хүрээд байгаа аж.
Уламжлалт мал аж ахуй яг энэ байдлаараа цааш үргэлжилбэл улам бүр их хүндрэл гарахаар байна. Та бүхэн мэдэж байгаа. Бэлчээрийн даац хэтэрч байна, ургамлын гарц муудаж байна. Тиймээс Засгийн газрын зүгээс НҮБ-тай хамтран өвлийг малын хорогдол багатай, хүндрэл багатай давахын тулд дулаан сууц бэлдэх, өвс, тэжээлээ өөрсдөө тарьж ургуулах боломж нөхцөлөөр нь хэрхэн хангах вэ гэдэг судалгаа хийж, малчдынхаа санал хүсэлтийг сонслоо. Малын тоонд биш, чанарт анхаарч, 3 хониноос авах ашиг шимийг 1 хониноос авдаг болох зэрэг мал аж ахуйн дэвшилт технологийг ашиглахад анхаарах шаардлагатай байна.