Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ: У.Хүрэлсүх дахихгүй бол өөр хэн, хэрхэн өрсөлдөх вэ
Одоогоос яг 27 сарын дараа Монгол Улс дараагийн Ерөнхийлөгчөө сонгоно. У.Хүрэлсүх дахин нэр дэвших үү. Хуулийн ийм боломж үүсвэл Х.Баттулга бас хэрхэх вэ. Эсвэл бүр өөр кандидатуудыг УИХ-д суудалтай улс төрийн намууд сойх уу. Энэ асуудал яг хэрхэх бэ. Хаашаа эргэж шийдэгдэх вэ.
Бэлгэ ёс дүүрэн энэ улсын цорын ганц төрийн тамгыг Ерөнхийлөгч атгаж, төрийн тэргүүний алдар хүндийг зүүдэг. Дээрээс нь хаант захиргаанд ханилалдан нэгдэж, хатгалдан тэмцэлдэж ирсэн түүхтэй монголчууд гол дүр төвт Ерөнхийлөгчийн харагдах, үзэгдэх байдал, үзүүлэх нөлөөнд үлэмж баясангуй, зөвшөөрөнгүй ханддаг онцлогтой.
Монгол Улс Үндсэн хуулиа парламентын засаглалтай байхаар батлан хэрэгжүүлсэн. Гэвчиг хэлбэр хийгээд агуулгын хувьд хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай орон гэж гаднын судлаачид дүгнэн бичсэн байдаг. Төрийн тэргүүн нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө тэргүүлж, Засгийн газартаа чиглэл өгөх, парламент руу хууль санаачлан оруулах, хориг тавих, ялтандаа уучлал үзүүлэх зэрэг онцгой эрхүүдтэй.
Ухаантайхан, аж ахуйч байх аваас гүйцэтгэх засаглалын өчнөөн олон ажлыг дүрчлэн удирдаж болно. Өнөөгийн Ерөнхийлөгч л гэхэд, музей барьж Чингис хааныг алтдуулан бүтээлгэж, нийгмийн олон салбарт томоохон төсөвтэй үндэсний хөтөлбөрүүд хэрэгжүүлж, яамдад шууд чиглэл өгч байна. Х.Баттулгын үед тэр төмөр замчин болж, цэргүүдээр замын ажил хийлгэж, ҮАБЗ-ийн дэргэд нэгж байгуулан, ямар ч тендергүй баахан худалдан авалтын эрхийг төрийн тэргүүний суудлаас хийчхэж байлаа.
Бичигдээгүй хуулиар үе үеийн Ерөнхийлөгчийн халаасанд манай улсын ганц мөнгөний уурхай “Эрдэнэт үйлдвэр” хүртэл явсаар ирлээ. Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн, УДШ-ийн 17 гишүүний, элчингүүд гэхчлэн Ерөнхийлөгчийн оролцдог томилгооны нөлөө л гэхэд систем бүрдүүлэхүйц хэмжээнд юм.
Тэгэхээр энэ их үлэмж эрхийг эдлэх суудалд санаархагсад олон байх нь ч аргагүй юм. АН дотор л гэхэд мөнгөтэй, лоббитой бүх хуулийн төслүүдийг МАН-д налж байгаад явуулчихдаг. Тойрогтоо очингуутаа хавирга чанаж иргэдийг дайлангаа соёлын төвд нь сайхан дуулчихдаг хэмжээний төлөвшилтэй Б.Пүрэвдорж энэ өрсөлдөөнд орох амбицаа илэрхийлсээр яваа. Үүн дээр П.Цагааныг ЕТГ-ын дарга байхад гол мөнгийг нь “угаасан” гэгддэг О.Цогтгэрэл ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй гэгдэв. Хүсэхэд угаас хязгааргүй хойно.
Харин МАН дотор хоёр дараалан УИХ-ын даргаар сууж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хоёр ч удаа явуулсан Г.Занданшатар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хувилбар илүү магадлал өндөр юм. У.Хүрэлсүх хуучин намаасаа түүнд халаагаа өгөх хамгийн өндөр магадлалтай.
Гэвчиг гол нь У.Хүрэлсүх өөрөө өрсөлдөхөөр ч бэлдэж байж мэдэх. МАН-ын 2021 оны сонгуульд Х.Баттулгыг дахин өрсөлдүүлэхгүйн тулд, “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг Үндсэн хуулинд суулгачихсан.
Одоо энэ заалтыг Үндсэн хуулийн цэц дээр өөрчлүүлэх, ард нийтийн санал асуулга өрнүүлчих хувилбарууд У.Хүрэлсүхэд бий. ҮХЦ-ийн 9 гишүүнийг ч тэр үүнд бэлтгэх мэтээр өөриймчлөн томилуулж бэлтгээд байна. Ер нь их мэдрэмжтэй улс төрчийн хувиар нийтэд таалагдах ажлуудаа сүүлийн саруудад идэвхжүүлэх болов. Хэрэв У.Хүрэлсүхэд ийм боломж дахин үүсвэл Х.Баттулга нь Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхтэй болно. Ийм боломжийг тэр бас огт тооцоолоогүй байна гэж үгүй.
Нөгөө талаас Л.Оюун-Эрдэнийн олон жил ярьж буй “Ерөнхийлөгчийг парламентаас сонгох учиртай” гэсэн үзэл баримтлал 2027 он хүртэл хуулиар хэлбэржчихэж ч болно. Хоёр парламенттай байх хувилбарыг тэр 126 гишүүнтэй болгон өргөжүүлж, олон намын төлөөлөл хууль тогтоох засаглалд оруулах зэрэг хэлбэр талын өөрчлөлтүүдийг хийчхээд байна. Үндсэн хууль өөрчлөгдсөн ч, эс өөрчлөгдсөн ч “Парламентад суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэсэн агуулга хөндөгдөхгүй биз ээ.
Тэгэхээр хаврын чуулганы хугацаанд өрнөх,
- Баялгийн санд МАК, MCS тэргүүтэй манайдаа бол Үндэстэн дамнасан корпораци маягийн болтлоо систем угсарсан баялаг ашиглагсадтай хийх ЗГ-ын хэлцэл, үүнийг тойрсон нийгмийн уур амьсгал,
- Энэ хавар бүрэн эрхийн хугацаа дуусах Ерөнхийлөгчийн нэрлэх УЕП, Ерөнхий сайдын анхлан томилох АТГ-ын дарга, УИХ-ын даргын парламентад нэрийг нь оруулах ҮАГ-ын даргын албан тушаал,
- Ирэх намар хугацаа нь дуусах Төв банкны Ерөнхийлөгч, цаашлаад хугацаанаас нь өмнө Тагнуулын ерөнхий газрын дарга, Ерөнхий шүүгчийг буулгах эсэх асуудлууд цаад углуургаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн нюанстай холбогдож буй.
Базаад хэлбэл, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид өрсөлдөх бэлтгэлээ бүр шийдээд хийж эхэлснээ зогсоох уу. Эсвэл УИХ-ын гишүүн, Шадар сайдын суудлаас шуудхан татгалзаж байсан шигээ төрийн тэргүүний эрх ямбыг Үндсэн хуульд зааснаар дараачийн хүнтэйгээ өрсөлдөхгүй өгөх үү гэсэн нэг хувилбар байна.
Нөгөө талд Л.Оюун-Эрдэнэ парламентаас Ерөнхийлөгч сонгох амбиц, үзэл санаагаа 2027 онд хэрэгжүүлэхээр суурь бэлтгэлүүдээ улам өрдөх үү. Тэгвэл парламентад суудалтай намуудаас хэн хэн өрсөлдөх вэ. Парламентын гадна буй Г.Занданшатар, дотор суугаа Х.Баттулга нарын хачин жигтэй дүрүүдэд дээрх өөр хувилбарууд хэрхэн тусах вэ. Түүнчлэн Т.Доржхандаас өөр дүргүй ХҮН, цашлаад ИЗНН яах вэ гэхчлэн асуудлууд цаг үе, асуудлаа дагаад өрнөх юм.