Нажибын завшсан мөнгөнөөс яагаад Б.Баттүшигийн данс руу шилжсэнд Малайзын тал хариу нэхэв

Өнгөрсөн жилийн өдийд Малайзын Дээд шүүх улсыхаа ерөнхий сайдаар ажиллаж байсан Нажиб Разакийг улсынхаа баялгийн сангийн мөнгийг албан тушаалаа ашиглан хувьдаа завшсан хэргээр шүүж 12 жилийн хорих ял оноосон.
Нажиб Разакийн шүүх хурлын үеэрх Анжела Баркхаусын мэдүүлэг

Хөрөнгийн сэргээлтийн мэргэжилтэн Анжела Баркхаус гэх эмэгтэй мэдүүлэг өгөхдөө “SRC Iternational” компани нь сэргээгдэх эрчим хүчний салбарт төлөвлөсөн 1.18 тэрбум ам.долларыг зориулалтынх нь дагуу зарцуулаагүй. Тус компани нь Сингапур дахь банкны дансандаа 864 сая ам.доллар, Хонгконг дахь дансандаа 255 сая ам.доллар хүлээн авсан. Мөн АНЭУ-ын Aabar компанитай хамтарсан дансандаа 60 сая ам.доллар шилжүүлсэн. Энэхүү 1.18 тэрбум ам.доллар Малайзын Тэтгэвэрийн сангаас авсан 4 тэрбум ринггитийн нэг хэсэг байсан.
Дээрх компани Сингапур дахь дансандаа 2011-2014 оны хооронд шилжүүлэн авсан 864 сая ам.долларыг таван байгууллага руу хуваан шилжүүлсний нэг нь “Muraset” компани бөгөөд Британийн Виржинийн арлуудад бүртгэлтэй уг компани нь Ерөнхий сайд асан Сү.Батболдын хамаарал бүхий байсан.
Мөнгө шилжүүлсэн таван компани нь хууль ёсны хөрөнгө оруулалтын компани биш бөгөөд хөрөнгийг дамжуулан шилжүүлж, шамшигдуулахад ашигласан зуучлагч компаниуд байсан.
“Muraset” гэх компани 15 сая ам.долларыг хүлээн авсан бөгөөд уг компаниас Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын хүү Баттүшигийн данс руу 40 мянган ам.доллар шилжүүлсэн нь тогтоогдсон.
Монгол мөнгөөр тооцож үзвэл энэ 15 сая ам.доллар өнөөдрийн ханшаар 51.7 тэрбум төгрөг.
Б.Баттүшиг, Даш Уранбилэг гэх хоёр хүний нэр дээр тус компаниас 2 сая ам.доллар шилжүүлж, Чен Чо Ён гэх “Muraset” компанийн захирал руу 4.5 сая ам.долларыг шилжүүлсэн нь Сү.Батболдын төлөөний хүн гэж үзэж байна. Чо Ён гэх хүний эхнэр Ким Хак Сон гэх хүний данс руу мөн 1.4 сая ам.доллар шилжүүлсэн бөгөөд энэхүү “Muraset” компанийн үйл ажиллагааны чиглэл тодорхойгүй” хэмээн дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байдаг.
Нөгөө талаас буюу Сү.Батболдын зүгээс ч гэсэн уг асуудалд албан ёсны байр суурь илэрхийлж, няцаалт хийж байгаагүй бөгөөд төрийн өндөр алба хашиж байсан хүнтэй холбогдох энэ явдалд Гадаад хэргийн яам, Авлигатай тэмцэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам аль аль нь тодруулж, шалгаж байгаагүй.
Нажиб Разакийн зөвлөхөөр ажиллаж байсан Багинда гэгч нь Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөлгөхөөр захиалга өгсөн хэмээн шүүгдэж байсан ч хэргээс мултарсан. Хэрэгт дам байдлаар оролцсон байж болзошгүй гэгддэг Нажиб Разакийн завшсан мөнгөнөөс Сү.Батболдын дансанд яагаад их хэмжээний мөнгө шилжиж орж ирснийг талийгаачийн аав С.Шаарийбуу гуай мөн хууль хяналтын байгууллагынхан шалгаж, тодруулах ёстой хэмээн удаа дараа хэлдэг.
Малайзын талаас Монгол руу Сү.Батболд гэх хүний дансанд яагаад “SRC International” компани мөнгө шилжүүлсэн асуудлыг тодруулахаар албан бичиг илгээсэн ч хаана, хэний гарт энэ бичиг хүрээд устгагдсан нь тодорхойгүй хэвээр.
Монголын хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө шалгаж, тодруулах ажлыг Малайзын талаас өнөөдөр дахин дахин сануулсаар байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Freemalaysiatoday, SinarDaily