Автомашины улсын дугаарыг азтай, мөнгөтэй нь авч байна

“Машины дугаар авна, зарна”, “Автомашины улсын дугаар авна”, “Машины азын дугаар зарна” гэхчлэн эрэлт дагасан шинэ бизнесийн цахим хаалттай группүүд ихэсчээ. Тус бүр 45-160 мянган гишүүнтэй фэйсбүүкийн 20 гаруй группд шинэ зар цагт биш минут тутамд орох аж.
Хотын серитэй дугаар олголт шалгууртай болсноос иргэд шинэ машин авсан ч улсын дугаарт дугаарлаж буй. Гэвч мөнгөтэй бөгөөд аргатай нь авах болсон дугаарыг дамлан наймаалцах бизнес ид цэцэглэж байна. Ирэх саруудад таван шалгуурт тэнцэх машин 50-иас дээш сая төгрөгөөр авсан ч давааны цаана даваа гэдэг шиг Улаанбаатарын дугаар авах боломж улам л солонго шиг холдох сураг гарав. Шагийн үнэ нь хямддаа 1.2 -1.4 сая төгрөгт хүрсэн хотын дугаарыг авах шанс тавдугаар сараас дахин багасах нь.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны 18 дугаар тогтоолоор хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосонтой холбогдуулан Улаанбаатар хотын серийн дугаар олголтыг Авто тээврийн үндэсний төв 2024 оны арваннэгдүгээр сарын 8-наас түр хугацаагаар зогсоосон. Автотээврийн тухай хуулийн 17.1.7-д Энэ хуулийн 17.5-д заасан хязгаарт багтаан олгох автотээврийн хэрэгслийн төрөл, ангилал, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, шалгуур үзүүлэлтийг нийслэлийн Засаг дарга батална гэж заасны дагуу шалгуур үзүүлэлтийн дагуу дугаар олголтын үйл ажиллагааг “Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-аас эрхлэн явуулахаар болсон. Тодруулбал, тээврийн хэрэгслийн хотын дугаар авах хүсэлтэй иргэд цахимаар бүртгүүлж, шалгуурын дагуу оноогоор эрэмбэлэгдэж буй.
Хүрд, насжилт, хөдөлгүүр гэхчлэн шалгуурыг харгалзаж 100 хүртэлх оноогоор дүгнэгдэх бөгөөд нэг иргэн цахим бүртгэлээр нэг л удаа хүсэлт гаргах боломжтой.
Гэвч цахим хуудаст хотын серитэй олон дугаарыг сонголттой жагсаан үнэ хаялцаж байгаа нь ченжүүд хэрхэн аваад байна гэх хардалт төрүүлж байна. Мөн ирэх сараас насжилт өндөр тээврийн хэрэгслийн татварыг нэмж, зөвхөн сүүлийн онуудад үйлдвэрлэсэн машинд дугаар олгож эхэлбэл дамын үнэ бүр л үнэтэй шаглагдах нь тодорхой.



10-ААС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ МАШИНД УЛААНБААТАРЫН ДУГААР ОЛГОХГҮЙ

Автомашины импорт жилээс жилд өсч байгаа нь түгжрэлд нөлөөлөх төдийгүй агаар, орчны бохирдолд ч тодорхой хэмжээгээр нөлөө учруулж буй.
Импортыг хязгаарлахгүй ч ирэх зургадугаар сарын 1-нээс үйлдвэрлэгдээд 10-аас дээш жил болсон машинд хотын дугаар олгохгүй шийдвэр албажина.
Нийслэл хотын өрхөд дунджаар 1.6 автомашин ногдож байгаа бөгөөд тэдгээрийн тал нь насжилт өндөр. Иргэдийн амьдралд автомашины эрэлт буурахгүй, цаашид ч өсөх төлөвтэй. Учир нь хүн амын өсөлт, насны бүтэц, орон сууцны барилгажилт зэрэг нь автомашины нягтаршлыг улам өдөөхөөр байна. Энэ бүхэн нь автомашины импортын бодлогыг улам боловсронгуй болгох хэрэгтэйг харуулж байна. Тиймээс нийслэлд олон жил тулгамдаад буй түгжрэлийг шийдэхийн тулд зайлшгүй арга хэмжээ авч татвар, улсын дугаарын хязгаарлалтыг хийж эхлээд байгаа.
Дээрх зурагт 2022 он хүртэлх автомашины импортын мэдээллийг харуулсан. Харин 2023 онд 94917 машин, 2024 онд 128655 машин импортоор авчээ.
Жил ирэх бүрд өсч байгаа тоог харсан ч, түгжрэлээ бодсон ч зайлшгүй хязгаарлалт хийх шаардлагатай. Шатахууны хэрэглээ бага, үнэ ханшийн хувьд хямд нэрийдлээр нэг өрхөд ногдох суудлын автомашины тоо ч жил ирэх бүрд өсч байна. Тиймээс насжилт өндөр тээврийн хэрэгсэлд ногдуулах татварыг мөн ирэх саруудад нэмэхээр судалж эхэлжээ. Гэхдээ одоогоор шийдвэр албажаагүй байна.

Суудлын автомашин импортлогч улсуудыг авч үзвэл Өмнөд Солонгос, Орос, Герман, Япон зэрэг орнууд байна. Үнэ хямд мөн шатахуун бага иддэг тул “Тоёота” үйлдвэрийн Приус маркийн автомашин монголчуудын гол уналга болдог. 2020-2022 оны байдлаар Монголд 190 мянга гаруй Приус машин явж байна. Японоос орж ирж буй автомашины 85-90 хувь хуучирсан байдаг нь асуудал дагуулдаг бөгөөд насжилт өндөр тээврийн хэрэгсэлд хамаардаг.