Ноолуурын үнэ кг нь 150 мянган төгрөгөөс эхэлж байна

Ноолуурын үнэ 2023 онд зүүн аймгуудад нэг кг нь 160 мянган төгрөгөөс, өнгөрсөн жил 185 мянган төгрөгөөс эхэлж байсан. Харин энэ жил кг нь 150 мянган төгрөгөөс эхэлж байна. Зүүн бүсийн аймгууд өнгөрсөн долоо хоногоос ноолуураа самнаж эхэлсэн бөгөөд ченжүүдэд ноолуураа бага хэмжээгээр зарж эхэлжээ. Харин говь болон хангай, төвийн бүсийн малчид цаг агаар дулаарахыг хүлээж байгаа аж. Ноолуурын гарцаас шалтгаалан аймгуудын ноолуурын үнэ өөр өөр байдаг. Энэ жилийн тухайд 150 мянгаас эхэлж байгаа ч өнгөрсөн жилүүдээс үнэд хүрч магадгүйг малчид хэлж байгаа юм.
Монгол Улс дэлхийн ноолуурын 46 хувийг хангаж байна. Жилд дунджаар 9500 орчим тонн ноолуур бэлтгэдэг. Үүнээс 7000 тонн ноолуурыг экспортод гаргадаг. Үлдсэн 2000 тонн орчмыг нь дотоодын үйлдвэрүүд боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож арилждаг. Хөдөө аж ахуйн биржээс өгч байгаа мэдээллээр, сайн чанарын ноолуур бэлтгэхийн тулд ямааны ноолуур хөөрөх хугацааг зөв тодорхойлох нь чухал. Ноолуур самнах хугацаа тухайн бүс нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, ямааны тарга хүч, нас, хүйстэй харгалзан эр, сувайгаас эхлэн гуравдугаар сараас эхлэн самнана гэжээ. Тухайлбал,
- Зүүн бүс: гуравдугаар сарын 1-4 долоо хоногт,
- Говийн бүс: гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногоос дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт ямааг самнах нь тохиромжтой
- Төвийн бүс: дөрөвдүгээр сарын эхний долоо хоногоос тавдугаар сарын эхний долоо хоногт
- Баруун бүс: дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт самнавал сайн чанарын ноолуур бэлтгэх боломжтой.
НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААНД ГАРСАН Ч МАХНЫ ҮНЭ ӨСЧ 21-24 МЯНГА БОЛОВ
Махны үнэ ханш цагаан сараас тогтворжиж байсан ч зудтай холбоотойгоор малчдаас мах авах үнэ өссөн гэдгийг худалдаачид хэлж байгаа юм. Нөгөө талдаа нөөцийн мах худалдаанд гарсан ч махны үнэ буурахгүй байгааг иргэд шүүмжилж буй. Тухайлбал,нөөцийн мах худалдаанд гарахад үхрийн цул мах килограмм нь 18-19 мянган төгрөг, хонь болон ямааны мах 11-13 мянган төгрөгийн ханштай байсан. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү байсан. Гэвч сүүлийн хоногуудад махны үнэ бөөний төвүүдэд ч 1000-2000 төгрөгөөр нэмэгдэж үхрийн мах кг нь 20-22 мянган төгрөгт хүрчээ.
Нөөцийн махыг энэ жил нийслэлийн хэмжээнд 400 гаруй цэгт цэгээр борлуулж байгаа бөгөөд хонины мах 11800, үхрийн мах 13800 төгрөгөөр худалдаанд гарчээ. 2025 онд нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 10 мянган тонн нөөцийн мах бэлтгэсэн байна.
Өнгөрсөн жилүүдэд нөөцийн мах одоогийн үнээс 3000-4000 төгрөгөөр хямд байсан төдийгүй, нөөцийн мах худалдаанд гарахад махны жижиглэнгийн үнэ тодорхой хэмжээнд буурч байсан. Харин энэ удаа орон нутагт зуд их, мөн зүүн аймгуудад хээрийн түймэр гарсантай холбоотой махны нийлүүлэлт буурч, малчид махныхаа үнийг нэмжээ.