ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хүмүүсийн хөдөлмөрийг бодитоор үнэлж, цалин хөлсийг боломжтой болгохгүй бол “дүрвээд” дууслаа
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү Өдрийн сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр эрүүл мэндийн салбарын ажилчдын хөдөлмөрийн үнэлэмжийг бодит болгох, төлбөрийг нь төр даадаг эрүүл мэндийн даатгалыг өндөр болгох хэрэгтэй зэрэг чухал байр суурь илэрхийлжээ.
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: 2021 оны 8 дугаар сарын даатгалын хуулийн өөрчлөлт 2022 оны 3 дугаар сараас хэрэгжиж ирсэн. Үнэхээр урагш том алхсан шинэчлэл болсон. Гэхдээ хэрэгжилтийн явцад сайжоруулах боломжтой. зүйлүүд байгааг тэр дор нь засаад явж чадаагүйгээс олон хүндрэл эмнэлэг, үйлчлүүлэгч иргэд талдаа үүссэн. Хамгийн гол хоёр асуудал байна. Нэгдүгээрт, эрүүл мэндийн даатгалын санд төвлөрч байгаа мөнгөний хэмжээ нь өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна. Эрүүл мэндийн тогтолцоогоо чадавхжуулах тал дээр анхаарч санхүүжилтийн механизм хэрэгжих ёстой. Үүнд нь эрүүл мэндийн байгууллага ч орно, иргэд ч орно. Хоёрт, энэхүү багахан байгаа мөнгөө хэрхэн зарцуулах гэдэг зарчим, стратеги нь чухал. Улсын эмнэлгээс харамлаж хүний хийсэн хөдөлмөрийг үнэгүйдүүлж болохгүй. Тэгвэл цаашдаа улсын эмнэлгүүд шинэ технологи, нөгөө дэвшил хөгжлийг авчирч чадахгүй, боломжгүй болно. Бас нөгөө эмч, ажилчдын тэмүүллийг үгүй болгоно. Тиймээс дээрх хоёр зарчим одоо бол их чухал.Гэхдээ яг одоогийн нөхцөлд эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа хүний нөөцийн дутагдал ужгирч, цаашид засах аргагүй хүнд байдалд орох эрсдэлтэй боллоо. Ялангуяа сувилагч, дэмжих мэргэжилтнүүдийн асуудал. Тиймээс хамгийн “суурь” шаардлага нь энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн хөдөлмөрийг бодитоор үнэлж, цалин хөлсийг боломжтой болгохгүй бол “дүрвээд” дууслаа.
– Тэгвэл таныхаар цаашдаа яах хэрэгтэй гэж харж байна?
-Ер нь төлбөрийг нь төр даадаг иргэдийнхээ өмнөөс эрүүл мэндийн даатгалд төлж буй мөнгөн дүнг өндөр болгох хэрэгтэй. ДНБ-ий дор хаяж таван хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг болгох хэрэгтэй. Одоо бол гурван хувь байгаа. Эсвэл өөр арга хэрэгжүүлэх ёстой. Засгийн газар тамхины татвар, онцгой албан татварыг эрүүл мэндийн салбар руу төвлөрүүлэх хэрэгтэй. Ер нь утаагүй вэйп тамхи, архи, чихэрлэг ундаа гээд хүний биед хор болж буй зүйлийг татварын аргаар нь зоригтой хязгаарлах хэрэгтэй. Үүнийг нийгмийн тусын тулд хиймээр байна. Олон жил ярилаа. Уул нь эрүүл мэндийг нь хорлож байгаа юм гээд буцаагаад төлбөр болгон сайн сайхан үйлсэд зарцуулах боломж байгаа юм. Бас нэг зүйл нь эрүүл мэндийн салбарт оновчтой хөрөнгө оруулж, санхүүжилтийн механизмаа сайжруулж чадах юм бол гадагшаа алдаж буй хэдэн сая ам.доллар, өвчний улмаасалдаж буй он жилүүд, түүний төлөөсөнд төлж буй халамж тэтгэмжийн гээд олон үргүй зардлыг хэмнэж, эргээд эх орондоо оруулах боломжтой гэж хардаг шүү дээ.