Бригадын генерал Ч.Сосорбарам: Цэргүүд жагсахаас илүү мэргэн бууддаг байх ёстой

Түүхийн ухааны доктор, дэд профессор, бригадын генерал Ч.Сосорбарамтай Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан ярилцлаа.
-Танд монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойн баярын мэнд хүргэе.
-За баярлалаа. Монголчууд 1990ээд оноос өмнө цэргийн баяр гэж тэмдэглэдэг байсан. Нэг хэсэг үүнийг зөвхөн зэвсэгт хүчний баяр мэт ойлгодог байсан бол энэ нь аажимдаа хэлэлцэгдээд “Монгол цэргийн өдөр” болсноороо хүн бүр тэмдэглэж болдог баяр болсон юм. Эр хүн бүр эх орноо хамгаалах үүрэгтэй хэмээн үндсэн хуульд зааж өгсөн байдаг. Энэ үүргээ биелүүлж байгаа, биелүүлж байсан, ирээдүйд биелүүлэх, ер нь цагийн байдал хүндрэх юм бол зөвхөн эрэгтэй хүн төдийгүй эх орноо хамгаалах үйлсэд зүтгэж байгаа батлан хамгаалах, хууль зүйн салбарын бүхий л эмэгтэйчүүд тэмдэглэн өнгөрүүлдэг.
“Монгол цэргийн өдөр” хүн бүр баясаж болно. Ялангуяа энэ өдөр он жавуудтайгаа, өөрийн цэргүүдтэйгээ уулзах боломжтой байдаг нь үнэхээр баярлууштай. Өнөөдөр гэхэд миний цэргүүд надтай уулзаж байна. Дөнгөж сая энхийг сахиулагч хурандаа Мягмаржав баяр хүргэж байх жишээтэй.
-Таныг АНУ-ын армийн команд ерөнхий штабын коллеж болон дайны коллежийг тус тус төгссөнөөрөө зэвсэгт хүчний залуучууд их таньдаг юм билээ.
-Тийм үү. \инээв\ Анх би 1975 онд тухайн үеийн Цэргийн ерөнхий дээд сургуулийн холбооны ангид элсэж энэ салбартай амьдралаа эргэлт буцалтгүй холбосон. Мөн тус сургуульдаа салбарын захирагч хийж байгаад тухайн үеийн ЗХУ-ын Ленинград хотын холбооны цэргийн ангийг дүүргэсэн. Мөн Батлан хамгаалах яамны тооцоолох төв байгуулахад ч оролцож ажилласан. Ерөнхийдөө зэвсэгт хүчний Цэргийн ерөнхий дээд сургууль, Ардын армийн 228 дугаар анги, Батлан хамгаалах яамны тооцоолох төв, Зэвсэгт хүчний жанжин штабын автоматжуулалтын хэлтэст ажилласан намтартай. Би нийтдээ төрийн тусгай болон захиргааны албанд 45 жил хүчин зүтгэсэн.
-Та хэдэн онд генерал цолоо авсан бэ?
-Би 2006 онд 48 насандаа генерал цолоо авсан. Шинэчлэлийн бодлогод Батлан хамгаалах газрын даргын хувьд оролцож ажилласан, Энхийг сахиулахад цэрэг илгээх ажлыг яамны нэгдүгээр ротын даргын хувьд мөн голлож Засгийн газрын хэлэлцүүлгээр оруулсан. Гуравдугаарт, би өөрөө Иракт ажиллагаанд оролцож, анхны энхийг сахиулах генерал болсон юм. Сүүлд энхийг сахиулагч Баярсайхан генералд ажлаа өгсөн. Энхийг сахиулах чиглэлээр УИХ-ын гишүүн асан Р.Гаваа генералын ажлын хэсэгт орж ажилласан. Мөн Г.Рагчаа генерал, Жанжин штабын дарга Ц.Тогоо генералуудтай идэвхтэй хамтарч ажиллаж байсан. Ц.Цогоо генералын удирдсан хууль боловсруулах ажлын хэсэгт оролцож ажиллаж байлаа.
-Тэгвэл та өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад цэрэг гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Сая би өөрийн нэг цэрэгтэйгээ ярьж байлаа. Цэргийн сургууль төгссөн хүн юуны түрүүнд эх оронч байх ёстой. Анагаахын сургууль төгссөн хүн бол арай өөр сэтгэлгээтэй байна биз. Харин цэрэг хүн бол үргэлж эх орон, ард түмнийхээ төлөө цохилдог зүрхтэй байдаг. Тэд эх орончид байдаг юм. Цэрэгт ирэхэд нь л хамт олноосоо, нөхдөөсөө урваж болохгүй гэх ойлголтыг заадаг, мэдрүүлдэг. Цэргийн алба хаасан хүн төрийн албан хаагч болно гэх хуулийг санаачилж байхад нь би тухайн ажлын хэсэгт орж ажиллаж байлаа. Үүгээрээ би бахархдаг. Нэг ёсондоо эх оронч сэтгэлтэй хүмүүс төрийн албанд орж байна гэдэг агуулга харагдаж байна шүү дээ.
-Аливаа улсын зэвсэгт хүчнийхэн заавал чадварлаг байх ёстой. Цэргийн сүр жагсаалдаа байдаг гэж ярьдаг ч мөн чанартаа сүрлэг алхаж, жагсахаас илүү практик чадвар чухал шүү дээ. Сүүлийн үед манай зэвсэгт хүчин жагсахдаа их анхаараад байх шиг. Ер нь цэрэг хүнд жагсах нь буудахаас илүү чухал юм уу?
-Мэдээж үгүй. Жагсахаас илүү чадвар чухал. Тэр дундаа буудлагын чадвар илүү чухал. Цэргийн шинэчлэлийн бодлогын ажлын албанд оролцож явсны хувьд аль болох цэргийн албаны мэргэшсэн, чадварлаг байдлыг хангахыг эрмэлздэг. Ямар ч нөхцөлд түвэггүйхэн байгаа онодог, танкаа барьдаг, холбооны техникийн хэрэгслээ бүрэн эзэмшсэн мэргэжлийн цэрэгтэй болгоё гэдэг агуулга 1997 оны цэргийн шинэчлэлийн бодлогоос эхэлсэн. Яг практик дээр цэргийн ангид буудлагын хичээлийг мэргэжлийн түвшинд орох ажлыг зарим сайд нар санаачлаад явж байсан ч тухайн үедээ бас л асуудал, бэрхшээлтэй тулгарсан. Заавал хийх ёстой дадлага, хичээлээ тухайн цаг хугацаандаа хийдэггүй, буудах бууныхаа сумыг хэмнээд бууддаггүй, сургалт нь чанаргүй байх ийм асуудал манай зэвсэгт хүчинд байхгүй гэж хэлэхгүй ээ. Байгаа. Ялангуяа батальон цэрэг ордог болсноос хойш цэргийн ангиудад энхийг сахиулахад явна гээд хичээл, дадлагаа тасалдаг, багш нь байдаггүй ийм дутагдал бий. Үүнийг засах талаар үе үеийн сайдууд, бид бүхэн ажиллаж байгаа. Явж, явж энэ асуудал төсөв дээр гацдаг. Барууны хөгжилтэй орнууд ДНБ-ийхээ хоёр хувийг, төсвийнхөө орлогын зургаан хувийг Батлан хамгаалах яамандаа зарцуулдаг. Гэтэл манайх төсвөө хэзээ ч хангалттай өгч байгаагүй. Одоо энэ орчин үеийн хот дотор бууддаг буутай болох, шаардлага хангасан радио станцууд гэх мэт чухал асуудлууд бас л төсөв дээр очоод гацдаг.
-Хугацаат цэргийн алба, оюутан цэргийн үндсэн сургалт гэж байдаг. Эндээс л цэргүүд сууриа олж авдаг гэсэн.
-Тийм ээ. Хуучнаар бол крантинд гаргана гэж ярьдаг байсан юм. Тиймдээ ч нэгээс хоёр сарын хугацаанд бие бялдрыг бүрэн хөгжүүлэхэд чиглэдэг. Мөн цэрэг гэдэг зэрэг гэсэн үг. Тиймээс зэрэг ажиллаж сурч, хатуужилтай байж, буу зэвсэгтэй харьцаж, эзэмших сургалтыг явуулдаг уламжлалтай. Энэ анхан шатны сургалтыг АНУ-ын зэвсэгт хүчин маш сайн явуулдаг.
Харин сүүлийн үед эх оронч үзэл, сөрөн тэсвэрлэх чадавхын тухай их ярьдаг болжээ. Сөрөн тэсвэрлэх чадавх гэх ойлголтыг Монголын хөрсөн дээр буулгах юм бол тухайн үндэстэн өөрийгөө ухамсарласан байдал. Хоёрдугаарт, зөвхөн зэвсэгт хүчин төдийгүй үндэсний хэмжээнд эдийн засгийн гэх мэт янз бүрийн салбарын дарамт учрахад ард түмэн нь ойлгодог, үүний эсрэг тэсвэртэй, тэнхээтэй байх тухай асуудал юм. Харин Монгол төрийн бодлогоор бол орон нутгийн хамгаалалтын тухай ярьдаг. Анх Швед, Финлянд “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх”-ын тухай их ярьдаг байсан бол одоо Европ даяараа ярьж байна. Монголчууд ч гэсэн ярьж эхэлж байна. Манай Батлан хамгаалах яамны зүгээс ийм утга агуулгатай бичлэг, тайлбарын ажлыг их явуулж байгаа. Миний хувьд Батлан хамгаалах яамны стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга байхдаа 2002 онд Эх оронч үзлийн баримт бичгийг анх засгийн газрын хуралдаанаар оруулсан. Гэвч тухайн үедээ хойшлогдсон.
-Яагаад хойшлогдсон юм бэ?
-Тухайн үеийн Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр дарга “Энэ эх оронч үзлийн чинь үнэт үзэл нь юу юм бэ?” гэж асуухад тодорхой хариу өгч чадаагүй учраас хойшлогдсон юм. Түүнээс хойш би тэтгэвэртээ гараад Боловсрол шинжлэх ухааны яамнаас төсөл аваад үүнийхээ хүрээнд “Үндэсний ой санамж, үнэт зүйлс” гэсэн ном гаргасан. Энэ номын гол утга нь үндэсний ухамсар, бахархал, оюун санааны дархлаа, адилтгал гэж юу юм бэ. Монголчууд би юуны өмнө ой санамжаа сэргээх ёстой. Ой санамж гэдэг нь үндэсний түүхээ бодитоор мэдэж, өөрийн соёлоо мэдэрч байхыг хэлнэ. Үүний дараа үнэт зүйлсээ зөв тодорхойлбол оюун санааны дархлаа, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бий болох юм.
-Та өмнөх асуултад хариулахдаа орон нутгийн хамгаалалтын тухай дурдсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Орон нутгийн хамгаалалтын стратегийн гол зорилго бол хүн бүр эх орноо хамгаалах бэлтгэлтэй байх юм. Сум, аймаг, хотын бүхий л оршин суугчид эх орноо яаж хамгаалах талаар бодолтой, бэлтгэлтэй, тодорхой чадварыг эзэмшсэн байх ёстой асуудал яригдана. Хоёрдугаарт үүнтэй холбоотойгоор хэлэхэд, Монголын бүх газар нутгаар тархан сууж байршсан малчид бол газар нутгаа хамгаалах, эзэнтэй байлгаж, орон нутгийн хамгаалалт хэрэгжихэд хамгийн чухал хүмүүс.
-Та Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт цэргийн чиглэлээр ажиллаж байсан онцлогтой учраас уг асуудлыг илүү бодлогын түвшинд ярьж байна уу?
-Бид зөвхөн дайны харанга дэлдэх үеэр л нийтээрээ хөдөлгөөнд орж, бэлэн байх ёстой гэвэл өрөөсгөл болно. Харин ч гамшиг, ослын үед нийт ард иргэдээ дайчилж, хамтран ажилладаг, тэднийг сургадаг хэлбэрийг ашиглан эх орныхоо хөрсөнд бодитоор буулгах хэрэгтэй. Энэ чиглэлээр сүүлийн үед Батлан хамгаалах яамнаас орон нутгийн хамгаалалтын газар гэж байгуулсан. Би 2000 оны эхээр газрын албаны дарга байхдаа үүнийг агентлаг байх ёстой гэж асуудал дэвшүүлж байсан. 20 гаруй жилийн дараа ч гэсэн бага багаар хэрэгжиж байна. Одоо төсөв хөрөнгийг нь шамдуулаад өгвөл бүх ард түмнээ бэлтгэх агуулга энд явж байгаа юм.