“KFC Land-ийг зогсоох эсэх нь хотын даргын бүрэн эрхийн асуудал”
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.04.18/ хурлаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өнөөгийн байдлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын мэдээллийг сонслоо. Хуралдаанд оролцсон гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.САРАНЧИМЭГ:
-Ямар шалгуураар KFC Land-ийг сонгон шалгаруулсан юм бэ. Газар дээр нь очиж үзэхэд олон жилийн хөдөлмөр шингэсэн 1.1 га хөрсийг устгасан байна лээ. Очиж уулзахад ерөнхий архитектур болон анхны зураг төслийн автортой зөвшилцөөгүй, НИТХ-аар ороогүй байна. Яагаад шийдвэр гараагүй үед тохижилтын ажил эхэлсэн юм бэ. Хэн зөвшөөрөл олгосон бэ? Мөн ТҮЦ-ийн асуудлыг яах вэ? Хамгийн гол нь хувийн хэвшлийг үгүйсгээгүй. Гэхдээ, аливаа ажил төлөвлөлтийн дагуу хийгдэх ёстой. Заавал ногоон байгууламжтай газраа өгдөг нь ямар учиртай вэ?
-Нийслэлийн засаг даргын орлогч З.ТӨМӨРТӨМӨӨ:
–Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбоотой асуудал олны анхааралд орж, талцал өрнөж байна. Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс цэцэрлэгт хүрээлэнгийн даргатай холбоотой асуудалд ажилтнаа шууд буруутгах эрх зүйн үндэс байхгүй. Цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га газрын 183 га-г газар тохижилт ногоон байгууламж хийх ерөнхий төлөвлөгөө 2014 онд батлагдсан. Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газарт KFC, “Таванбогд” ХХК-тай өөрийн эрх үүргийн хүрээнд гэрээ байгуулсан. Иргэдийн шүүмжийг хүлээж авч байгаа. Иргэд цементэн ширэнгэ хэрэггүй гэж хандаж байгааг ойлгож байна. Хууль журмын хүрээнд ерөнхий төлөвлөгөө батлагдсан газар хувийн аж ахуй нэгжтэй хөрөнгө оруулалтын гэрээ “татаад” хийсэн асуудал юм. Үүнтэй холбоотой дараагийн удаа нийтийн эдэлбэр газарт тохижилт хийх, ногоон байгууламжтай холбоотой асуудалд иргэдийн саналыг авах, хотын даргын зөвлөлийн хурлаар оруулж, НИТХ-аар эцэслэн шийдвэр гарсны дараа энэ төрлийн ажлыг хийдэг болох журмын шинэчлэл хийхээр ажиллаж байна.
Цаашид KFC Land-ийг үргэлжлэх эсэх нь Улаанбаатар хотын бүрэн эрхийн асуудал. Зөвшөөрөлгүй ТҮЦ эрхэлж байгаа хүмүүстэй тэмцэхээс өөр арга байхгүй юм билээ.
УИХ-ын гишүүн Б.САРАНЧИМЭГ:
-Яагаад ногоон байгууламжийг сүйтгээд бүтээн байгуулалт хийх гээд байгаа юм бэ. Улаанбаатар хотод өөр газар байгаа шүү дээ. Ногоон зүлгийг хийх гэж маш их хөрөнгө оруулсан. Ямар нэгэн байгууллагын том бүтээн байгуулалт руу бид дайраагүй. Зарчмын юм ярьж байгаа. Дахиад өөр нэгэн компанийн хашаа баригдсан гэх мэдээлэл сошиалаар явж байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн даргын эрх мэдлийн хүрээнд очиж ухсан гэж ойлгож болох уу?
– Нийслэлийн засаг даргын орлогч З.ТӨМӨРТӨМӨӨ:
-Тэгж ойлгож болно. Цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд өөрсдөө шийдвэр гаргаад явсан. Хотын даргын зөвлөлийн хурал, НИТХ-аар орох журам байхгүй байна. Тиймээс байгууллага удирдаж буй хүний эрх мэдлийн асуудал болчхоод байгаа учраас журам гаргана. 2014 оны ерөнхий төлөвлөгөөнд таны хэлээд буй тохижилтын төлөвлөгөө орсон юм билээ.
-УИХ-ын гишүүн Б.САРАНЧИМЭГ:
-З.Төмөртөмөө дарга аа, Та хотын ногоон бодлогыг хариуцаж байгаа хүний хувьд журам байхгүй гэж яриад байна. Битгий тэгээч дээ. Тэнд ногоон байгууламж нь хийгдчихсэн газар байхгүй юу. Ногоон байгууламж хийгдсэн газрыг сонгож байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн даргад тийм эрх мэдэл байхгүй.