Ховд аймгийн өрсөлдөх чадвар бусад аймгаас сул байгаагийн учир

0


Ховд аймаг хүн амын амьжиргааны үзүүлэлтээр сүүл мушгиж байна. Өрсөлдөх чадвараар 21 аймгаас 14-т эрэмбэлэгджээ. Уг үзүүлэлтийг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж гаргадаг юм. 

Тус аймаг 2021 онд өрсөлдөх чадвараараа 12-т эрэмбэлэгдэж байв. Ховд аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад бизнесийн орчны үзүүлэлтүүд муу байгаа нь голлон нөлөөлжээ.

Ховд аймгийн боловсрол, соёлын үзүүлэлт хамгийн өндөр буюу 21 аймгаас 4-рт эрэмбэлэгдэж байгаа ч хүн амын амьжиргааны үзүүлэлтээр 20-рт эрэмбэлэгджээ. Мөн аймгийн төсвийн үзүүлэлтээр 21 аймгийн хамгийн сүүлд жагсаж сүүл мушгив. 

2025 оны 1-р сарын байдлаар улсын инфляц 9.6 хувь байгаа бол Ховд аймгийнх хамгийн өндөр буюу 17.2 хувьд хүрээд байна. Инфляц гэж гурил, будаа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт буюу мөнгөний үнэ цэний уналтыг хэлдэг. Нэг ширхэг өндөгний дундаж үнэ 768төг байгаа нь Монголд өөр хаана ч байхгүй өндөр үнэ. Зөвхөн өндөгний үнэ л гэхэд Ховд аймагт 2023 оноос хойш 212 төгрөгөөр өсжээ.

Цаашилбал, Хятадаас импортолж байгаа 1 кг цементийн үнэ л гэхэд Ховд аймагт Монголд байхгүй өндөр буюу дунджаар 33,502 төгрөгөөр зарагддаг. Цагаан будаа, үхрийн мах, элсэн чихэр, дизель түлшний үнэ ч Ховд аймагт улсын дунджаас өндөр. Алслагдмал бүс учир тээврийн зардал өндөртэйгөөс гадна нийлүүлэлт муу, дэд бүтцийн хөгжил, үйлдвэрлэл, өрсөлдөөн бага зэрэг олон шалтгаанаас үүдэн барааны үнэ ингэж их өсжээ.

Нөгөө талаас Ховд тийм ч өндөр худалдан авах чадвартай, цалин өндөртэй аймаг биш. Тус аймгийн дундаж цалин улсын дунджаас бага буюу 2 сая ч хүрэхгүй байдалтай байна. Цалин бага, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өсөж байгаа тохиолдолд иргэдийн худалдан авах чадвар улам доройтно. Үүнээс үүдэн хүнсний дэлгүүр, зоогийн газар, жижиглэн худалдааны бизнесүүдэд эрэлт буурч бизнесийн хөгжил, ашиг орлого ч багасаж, эдийн засаг нь тэлэхэд хүнд байдалд орно. 

Энэ бүхнээс гарах гарц бий. Үнийн өсөлтийг багасгахын тулд нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцийг сайжруулах, бизнес, уул уурхайн салбарын хөгжих боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *