“Амьгүй донор гарахгүй, эрхтэн шилжүүлэх ажиллагаа зогссон”

П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат УНТЭ-ийн элэг шижлүүлэн суулгах багтай хамтран мэдээлэл өглөө.
Энэ үеэр Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн:
-УНТЭ-ийн дэргэдэх Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 306 хүн элэг шилжүүлэн суулгасан. Үүнээс 17 нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан буюу нийт мэс заслын 5-хан хувийг тархины үхэлтэй донороос хийсэн. ДЭМБ-аас амьгүй донороос элэг шилжүүлэн суулгавал нэг ч хүний эд эрхтэнийг хөндөхгүй байх давуу талтай гэж үздэг. Гэтэл энэ үзүүлэлт манай улсад хангалтгүй байгаа юм.
Энэ бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулж, Гавьяат эмч П.Батчулуун даргаар нь ажилласан Тус алба байгуулагдсанаас хойш талийгаач болсон 270 гаруй хүний ар гэрт санал тавьнаас 31 хүний ар гэрийнхэн зөвшөөрсөн.
Элэг шилжүүлэн суулгасан багт элэгний үйл ажиллагаа нь эргэшгүй өөрчлөлтөд орсон 430 хүнд амьд донор олдохгүй, тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалтад амь гуйгаад байж байна. Сүүлийн гурван жилд донорын жагсаалтад байсан 30 гаруй хүн донор олдохгүйгээс нас барсан. П.Батчулуун эмчийг буруутгаснаас хойш нэг ч амьгүй донор гараагүй. Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогсоод байна.
Эмч ч гэсэн хүн. Эмч хүн ч өвддөг. П.Батчулуун эмчийн бие өнөөдрийн байдлаар тун муу байгаа. Суурь өвчин ихтэй. 2013 онд Донорын хуулийн хэлэлцүүлэг хийхээр хурал зарлаад эмнэлэгт байхад Батчулуун эмч гэнэт ухаан алдаж, зүрх зогссон. Сэхээн амьдруулах үйл ажиллагаа явуулж, 10 гаруй минутын дараа сэргэсэн. Таван удаа зүрхний стент тавиулсны хамгийн сүүлчийнх нь хууль шүүхээр шалгагдаж эхэлсний дараа өнгөрсөн 2-р сард суулгуулсан. Өнөөдөр зүрхний үйл ажиллагаа явуулах магадлал нь 33 хувьтай байгаа. Эрүүл мэнд ийм хүнд байдалд байгаа хүн өнөөгийн хууль шүүхийн маргааныг тэсэж гарна гэдэг хүнд. Эмч бид нар П.Батчулуун эмчийг гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байгаа. Тиймээс П.Батчулуун эмчид өршөөл үзүүлээч гэж хүсэж байна.