ГХЯ: Гадаад улсын шүүхээс албан бичиг, цахим шуудан ирэхэд нуун дарагдуулсан бол хууль зөрчсөн үйлдэл болно

0

Малайзын Ерөнхий сайд асан Нажим Разак өөрийн улсын баялгийн сангаас завшсан хөрөнгөнөөс 14.9 сая ам.долларыг Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын хүүгийн дансанд шилжүүлсэн  гэх мэдээлэл, мөн Малайзын шүүхээс уг гүйлгээний талаар Монгол Улсын Гадаад харилцааны яаманд албан бичиг ирүүлсэн гэх мэдээллүүд цахим сүлжээгээр нийтэд түгээгдэх болсон.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болдоос лавлахад “Энэ асуудлаар Малайзын шүүхээс ямар нэг албан бичиг болон цахим шуудан ГХЯ-нд ирж байгаагүй” гэсэн хариулт өглөө. Мөн тус яамны зүгээс иргэн С.Шаарийбуутай тогтмол холбоотой ажиллаж байгаа бөгөөд талийгаач охиных нь хэрэгтэй холбоотой асуудлаар  Малайзын талаас ирсэн болон манай талаас явуулсан материалын хувийг тогтмол өгч ирсэн. Хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сарын 30-нд  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахимд хандан иргэн С.Шаарийбуугийн тус улсын Иргэний хэргийн шүүхэд хандаж гаргасан “Нөхөн төлбөр олгуулах хүсэлт”-ийг шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж өгөхийг хүссэн утгатай захидлыг хүргүүлсэн гэх мэдээллийг өгч байна.

Малайз Улсын Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурал ирэх тавдугаар сарын 19-нд товлогдсон бөгөөд энэ удаагийн шүүх хурлаар Малайз Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэн С.Шаарийбууд нөхөн олговор олгох асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.

Тэрбээр “ГХЯ нь гадаадын улс орнуудаас иргэний болон эрүүгийн хэргээр шүүх байгууллагаас ирүүлсэн эрх зүйн туслалцааны хүсэлтийг Монгол Улсын Дээд шүүх, УЕПГ, ХЗДХЯ зэрэг байгууллагад дамжуулах үүрэгтэй ажилладаг бөгөөд хүсэлтүүд бүгд цаг хугацааны хувьд яаралтай шийдвэрлэх шаардлагатай байдаг. Тиймээс ГХЯ  тухайн ирсэн албан бичиг, захидал харилцааг холбогдох байгууллагад хүргүүлэхгүй байх, удааж саатуулах тохиолдлууд байдаггүй, байвал хууль зөрчсөн үйлдэл болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв. 

Дашрамд дурдахад, Ерөнхий сайдын албан захидлаас гадна уг асуудлаар Малайзын талд олон удаа албан бичиг хүргэж байсан хэдий ч тэр бүр бичгээр хариу ирүүлдэггүй аж. Түүнчлэн дээрх асуудлаас хойш хоёр улсын харилцаанд тодорхой хэмжээний үл ойлголцол үүсээд буй гэх мэдээллийг ч үгүйсгээгүй юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *