Дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа удаа дараа хутга гаргаж, танхайрсан хэргээр ял шийтгэгдсэн ОХУ-ын иргэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй Улсын дээд шүүхэд ханджээ

0

Дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хутга гаргаж танхайрсан ОХУ-ын иргэн П.Валерьевичид холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэлэлцэж, түүнд оноосон таван жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл ОХУ-ын иргэн П.Валерьевич нь Улсын дээд шүүхэд хандсан байна. Түүний гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг энэ сарын 24-ний өдөр Улсын Дээд шүүх шийдвэрлэх аж. 

Дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хутга гаргаж танхайрсан хэргээр таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэхээр болоод буй ОХУ-ын иргэн П.Валерьевичийн дээрх үйлдэл нь удаа дараа үйлдэгдсэн байна. Тодруулбал тэрбээр,

  • 2024 оны долдугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн танхим дотор тус дэлгүүрийн худалдагч, иргэн Г.У-г зэвсэг буюу хутга ашиглан, хүч хэрэглэхээр заналхийлэн 0,75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй 1 шил архийг,
  • мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны долдугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн танхим дотор тус дэлгүүрийн худалдагч, иргэн Б.Б-г зэвсэг буюу хутга ашиглан, хүч хэрэглэхээр заналхийлэн 0,75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй 1 шил архийг,
  • 2024 оны долдугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн танхим дотор тус дэлгүүрийг хариуцан ажиллуулж байсан иргэн Н.Б-г зэвсэг буюу хутга ашиглан, хүч хэрэглэхээр заналхийлэн 0,75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй 1 шил архийг тус тус авсан гэмт хэрэгт холбогдсон байна. 

Улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, Баянгол дүүргийн прокуророос түүнд хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан юм. 

Эл шийдвэрийг ОХУ-ын иргэн П.Валерьевич эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхээс түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. ОХУ-ын иргэн П.Валерьевич нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй байна. Тиймээс ч тэрбээр Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 

Эх сурвалж : isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *