“УБ палас”-ын оронд орон сууц барихыг оршин суугчид эсэргүүцэж байна” гэлээ

“УБ палас”-ыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн худалдан авч, орон сууцны хороолол барьж магадгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Тэгвэл иргэд “УБ палас”-ын оронд орон сууц барихыг эсэргүүцэж, мэдээлэл хийжээ. Тэд мэдээлэлдээ, “Энэ байршил бусад байрлалтай адил түгжрэлтэй. УБ паласыг тойрсон орчинд л гэхэд 6000 иргэн амьдарч байна. УБ паласын газар нь соёл урлагийн газрын зориулалттай юм билээ. Гэтэл соёл урлагийн газраас гадна орон сууцны барилга баригдана гэдэг мэдээлэл байна. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6.5 гэсэн заалтад инженерийн дэд бүтэц, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолоос бусад талбайд зөвшөөрөл өгөхийг хориглоно гэж заасан байгаа. Энэ заалтыг зөрчиж байна. Хоёрдугаарт, НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол бий. Үүнд Улаанбаатар хотын хэмжээнд нягтарлын хязгаарыг давсан 88 байршлыг тогтоосон. Энэ байршилд УБ палас орчим орсон байгаа. Иймд хуулийн зөрчлөөс гадна НИТХ-ын тогтоолыг зөрчсөн гэж үзэж байгаа тул оршин суугчийн хувьд орон сууц барихыг эсэргүүцэж байна” гэжээ.