Байр суурь: Нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөгчид аюул учруулж байна

0

Монгол Улсад цахим орчинд тавигдаж буй мэдээлэлд хяналт тавих хууль, эрх зүйн орчин хангалтгүй байдаг. Тиймээс нийгэмд нөлөө бүхий урлаг, соёлын алдартнуудаас эхлээд улстөрчид хүртэл цахим орчинд ёс зүйгүй авирлаж, энэ нь цаашлаад нийгмийн сэтгэл зүйд аюул учруулах болсон. Ялангуяа цахим орчноос мэдээллийг шүүлтүүргүй хүлээж авдаг өсвөр насны буюу 11-17 насны хүүхдүүд үүний гол хохирогч болж байна. Энэ талаар сэтгэл зүйчдийн байр суурийг хүргэе.


СӨРӨГ АГУУЛГАТАЙ КОНТЕНТ, ЁС СУРТАХУУНЫ ХЭВШИЛ АЛДАГДАХАД НӨЛӨӨЛДӨГ

Сэтгэл зүйч Б.Оюун-Эрдэнэ:

-Өнөөгийн нийгэмд цахим орчин мэдээлэл хуваалцах, харилцах, үзэл бодлоо илэрхийлэх гол платформ. Гэвч нийгэмд нөлөө бүхий хүмүүсийн сөрөг агуулгатай контент, ёс зүйгүй үйлдэл нь ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйд сөрөг үр дагавар авчрах нь түгээмэл болсон. Үүний хамгийн том сөрөг үр дагавар нь ёс суртахууны хэвшил алдагдах явдал байдаг. Нийгмийн нөлөө бүхий хүмүүсийн бүдүүлэг үг хэллэг, хуулиас гадуур үйлдэл, бусдыг үл хүндэтгэсэн хандлага нь хүүхдүүдийн ухамсар, зан үйлд шууд нөлөөлдөг.

Тухайлбал, тэднийг даган дуурайх, буруу үйлдлийг хэвийн гэж ойлгох эрсдэлтэй байдаг.

Хараалын үгс, уур бухимдал, бусдыг доромжилсон постууд ихсэх тусам цахим орчны сөрөг энерги нэмэгдэж, хүмүүсийн сэтгэл зүйд маш их хэмжээний дарамт стрессийг бий болгож байна. Мэдээж хүн өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэсэн хэдий ч нийгэмд нөлөө бүхий хүмүүс хариуцлагатай байж, олон нийтэд зөв үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Цахим орчныг зөв, зохистой ашиглавал хүүхдүүдэд боловсрол олгох, хөгжих, урам зориг өгөх хэрэгсэл болох боломжтой. Харин сөрөг агуулгатай контент давамгайлбал нийгмийн сэтгэл зүй доройтож, хорт зуршил, зан үйлийн доголдол нэмэгдэх эрсдэлтэй. Иймд олон нийтийн сүлжээ ашигладаг хүмүүс, тэр дундаа нөлөө бүхий хүмүүс өөрсдийн үйлдлийн үр дагаврыг ухамсарлаж, илүү хариуцлагатай байгаасай гэж уриалмаар байна.

ЦАХИМ ОРЧИНД АЙДАС, СТРЕСС ВИРУС ШИГ ХУРДАН ТАРХДАГ

Сэтгэл зүйч, Докторант Б.Намуун:

-Нийгмийн сэтгэлзүйд цахим орчин   том байр суурь эзлэж байгааг хүн бүр мэдэх байх. Ялангуяа хүүхэд залуус цахим орчинд идэвхтэй цаг зарцуулж, контент бүтээгчид, улс төрчид, алдартнуудыг үлгэр дуурайл болгон дагадаг. Тэдний хэрүүл маргаан, ёс бус үг хэллэг, хэт шүүмжлэлтэй хандлага нь бусдад хандах хандлагыг өөрчилж, тодорхой зан үйлийг хэвийн мэт хүлээж авахад хүргэдэг. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд ‘Сүргийн дархлаа’ гэх ойлголт байдаг. Энэ нь халдварт өвчний үед сүргийн дархлаа нь хүн амын дийлэнх хэсэг дархлаатай болох үед үлдсэн хэсэг нь хамгаалагддаг гэсэн ойлголт.

Үүнтэй адилаар, нийгмийн сэтгэл зүйд ч тодорхой хэмжээний “дархлаа” хэрэгтэй.

Цахим орчинд сөрөг мэдээлэл, айдас, стресс, худал мэдээлэл зэрэг нь вирус шиг хурдан тархдаг. Өөрөөр хэлбэл, хэрэв нийгмийн олонх нь цахим орчны сөрөг нөлөөнд автвал үлдсэн хэсэг нь ч хамгаалалтгүй болж, айдас, бухимдалд автдаг байх нь. Тэгэхээр нийгмийн удирдагчид, гишүүд, нөлөөлөгчид дархлаа тогтоогч, халдвар тараагч гол эх үүсвэрүүд гэж үзвэл тэд цахим орчинд ёс зүйгүй, бүдүүлэг, хэрүүл тэмцэлтэй агуулга түгээх нь хүмүүсийн стресс, түгшүүрийг нэмэгдүүлж, нийтээрээ сэтгэл зүйн сулралд орно. Харин тэд эерэг хандлагатай, хариуцлагатай мэдээлэл түгээвэл нийгэм “дархлаатай” болж, сөрөг мэдээллийн нөлөөнд бага өртөх боломжтой.

Үүнийг батлах бодитой зүйл нь юу вэ гэвэл 2010-аад онд нийгэмд муу залуус догь харин Mommy’s boy-ууд арчаагүй гэх урвуу ойлголт тархаж байсан. Одоо тэрний хор уршиг нь маш олон хүчирхийлэгчдийг бий болгож хосуудын харилцааны дийлэнх нь маш токсик буюу хортой болсон. Тиймээс нийгэмд нөлөө бүхий хүмүүс,

1. Ямар ч мэдээллийг сохроор хүлээж авах бус, үнэн эсэхийг нягтлах.

2. Бусдыг уруу татах бус, өөдрөг, зөв мэдээллийг нийгэмд түгээж өгөөрэй гэж хүсье.

No photo description available.

эх сурвалж: Nnews.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *