Хэрэглэгчийн эрхийг хамгаалахын тулд хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байна

0

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/.  Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгээс “Хэрэглэгч, түлш, эрчим хүч” уулзалт хэлэлцүүлгийг МҮХАҮТ-д зохион байгууллаа.

Уулзалтад аж ахуй нэгж,бизнес эрхлэгч, иргэд, олон нийтийн төлөөлөл оролцож түлш, эрчим хүчний салбарын бодлого, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцов.

Иргэд, хэрэглэгчдээс Монополийн эсрэг газарт эрчим хүчний үнэ нэмсэнтэй холбоотой санал гомдол ихээр ирүүлжээ. Энэ дагуу холбогдох байгууллагаас мэдээлэл авч нягталхад өрхийн хэрэглээ 30-80 хувиар нэмэгдсэнийг тогтоосон байна. 

Энэ талаар тус газрын дарга Б.Билгүүн ярихдаа, “Иргэдийн санал хүсэлтийн дагуу судалгаа хийхэд айл өрхийн цахилгааны хэрэглээ бага бол үнэ нь бага, дунд байвал их, их бол нилээн өндөр гэхчлэн шатлалтай нэмэгдсэнийг тогтоосон. Иргэд тариф 30 хувиар нэмсэнийг мэдсэн ч шатлалын талаар төдийлөн мэдээгүй байна. ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, үнэ тарифыг эргэж харж, огцом биш аажмаар нэмэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Энэ хэлэлцүүлэгт Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль, тэр дундаа түлш эрчим хүчний талаар хөндөж байна. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахын тулд үнэ тарифтай холбоотой асуудлыг төр, төрийн бус байгууллага хамтран ярилцах шаардлагатай” гэв.

УИХ-ын гишүүн, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ ярихдаа, “Хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд эрх зүйн зохицуулалтыг тодорхой хэмжээнд хялбаршуулах хэрэгтэй. Хэрэглэгч 50 мянган төгрөгийн хохирлын төлөө нэг сая төгрөгөөр өмгөөлөгч аваад шүүхдэх боломжгүй. Тэгэхээр үл маргах журмаар хохироосон байгууллага тухайн мөнгийг гаргаж өгөх санкцыг бий болгоно. Хоёрдугаарт, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн хураамжийг цахилгааны төлбөр дээр нэмж авдаг. Гэтэл иргэн тухайн эрх зүйн орчинд холбогдох харилцаагаар өөрөө шийдвэр гаргах ёстой. Өөрөөр хэлбэл иргэн ашигласан хэрэглээний төлбөрөө л төлөх ёстой гэсэн үг. Хэрэглэгч ашиглаагүй төлбөр төлөх нь хууль бус юм. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчийг хүн бүр хэрэглэдэггүй ч төлбөр төлж байна. Эрчим хүчний тасалдалттай холбоотой зурагт, плитка зэрэг цахилгаан хэрэгсэл шатахад хэн хариуцлага хүлээх вэ? гэсэн асуудал ч бий. Эрх зүйн орчныг тодорхой болгосноор энэ мэт асуудал илүү ойлгомжтой болно. Юун түрүүнд хэрэглэгч эрхээ хамгаалуулдаг байгууллагатай байх ёстой” хэмээн тодотголоо.

Монгол Улс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг 2003 онд баталж, 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *