Прокурорын байгууллагаас 9,3 тэрбумын дансны гүйлгээтэй холбоотой мэдээллийг урьдчилсан байдлаар нийтэд ил болголоо

Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах замаар 9,3 тэрбумыг эргэлдүүлсэн гэх хэргийн талаар прокурорын байгууллагаас холбогдох хуульд заасан үндэслэл журмын дагуу уг хэргийн зарим мэдээллийг ил болгосон байна.
Цагдаагийн байгууллагаас “Pokerr” цахим мөрийтэй тоглоомыг иргэдэд сурталчлан стрийм буюу видео хийж, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг цахим орчинд хууль бусаар зохион байгуулсан үйлдлүүдийг илрүүлэн хэргийг шалгаж байна. Тухайлбал:
Монгол Улсын иргэн М.Б, А.О, А.Б, Н.С, Д.С, Б.Б нар нь Фэйсбүүк цахим орчинд иргэдэд сурталчилгаа явуулан бүлэг зохион байгуулалтад орж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэрээ болгосон хэргийг илрүүлэн шалгаж байна.
Уг хэргийг үйлдэхдээ дээрх нэр бүхий этгээдүүд нь өөрсдийн болон хамаарал бүхий этгээдүүдийн арилжааны банкны дансыг ашиглан хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор гэмт хэргийн замаар олсон мөнгийг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, бизнесийн үйл ажиллагаа явуулах, виртуал хөрөнгө болгох зэргээр хувирган мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэнийг тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Мөн сүүлийн үед олны анхаарлыг татаад буй “Ноорог” пэйжид ажилладаг 1 иргэний арилжааны банкны дансуудаар хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж,
Төгрөгийн дансуудаар:
- 85.179 удаагийн гүйлгээгээр нийт 9,239,338,177.63 төгрөгийн орлогын,
- 7,996 удаагийн гүйлгээгээр 9,238,306,287.21 төгрөгийн зарлагын,
Валютын дансуудаар:
– 365 удаагийн гүйлгээгээр 9,430.54 ам.долларын орлогын,
– 149 удаагийн гүйлгээгээр 9,339.61 ам.долларын зарлагын гүйлгээг тус тус хийсэн нөхцөл байдал тогтоогдож, прокурорын хяналтанд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж мэдээлжээ.