Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар Солонгосын Хөгжлийн агентлагийн судлаачидтай санал солилцов

0

Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар өнөөдөр (2025.03.20) Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөгжлийн агентлаг (KDI)-ийн ахлах зөвлөх Хан Хон тэргүүтэй Мэдлэг хуваалцах хөтөлбөр (KSP)-ийн судлаачдыг хүлээн авч уулзлаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Солонгосын Хөгжлийн агентлагаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулах судалгааны төслийг хэрэгжүүлж байна. Өмнө нь “Монгол Улсад үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх стратеги /хүнд үйлдвэрт анхаарах нь/” сэдэвт судалгааг 2022-2023 онд хийж, бодлогын зөвлөмж боловсруулсан бөгөөд уг зөвлөмжийг Улсын Их Хурлаас 2024 онд баталсан “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг боловсруулахад харгалзан үзсэн юм.

Байнгын хорооны дарга С.Ганбаатар Монгол Улс шилжилтийн хүнд хэцүү үеийг даван туулах, монгол иргэд ажил эрхэлж, амьжиргаагаа залгуулахад Солонгосын ард түмэн тусалсныг онцгойлон тэмдэглэж, талархал илэрхийллээ. Манай улсын бизнес эрхлэгчид, аж үйлдвэрлэгчдэд эдүгээ юуны өмнө арга туршлага судлах, гадаад зах зээлд гарах эрэлт хэрэгцээ байгааг тэрбээр дурдаж, энэ талаарх Солонгосын менежмент, технологи, ноу-хаугаас суралцсаны үндсэн дээр шийдлийг гаргах, хүний нөөцийг бэлтгэх шаардлагатайг тэмдэглээд, эдгээрийг шийдвэрлэсэн байхад хөрөнгө оруулалт, санхүүжилт татах асуудал хүндрэл багатай хэрэгжих боломжтой гэсэн юм. Мөн тэрбээр Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо Солонгосын төрийн худалдан авах ажиллагаа буюу тендер шалгаруулалтын дижитал системийг нэвтрүүлсэн арга туршлагаас суралцах чиглэлээр нэн тэргүүнд хамтран ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгааг тэмдэглэж, хоёр орны хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, төсөл, хөтөлбөрүүдийн өгөөжийг нэмэгдүүлэхэд хаа хаанаа анхаарал тавьж ажиллах нь зүйтэй гээд, энэ талаар судлаачидтай санал солилцож, илэн далангүй ярилцлаа.

Солонгосын Хөгжлийн агентлагийн ахлах зөвлөх Хан Хон тус агентлагийн болон Мэдлэг хуваалцах хөтөлбөрийн талаар тодорхой танилцуулж, Монгол Улсад хүнд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулах судалгааны төслийн тайланг энэ оны есдүгээр сард гаргахаар ажиллаж байгаагаа мэдээлсэн юм. Зөвхөн Солонгосын Хөгжлийн агентлагийн шугамаар бус Монгол, Солонгосын хамтын ажиллагааны хүрээнд урьд өмнө хэрэгжүүлсэн нийт төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, алдаа оноонд дүн шинжилгээ хийж, цаашдын хамтын ажиллагааг илүү өгөөжтэй болгох талаар хувийнхаа зүгээс хяналт тавьж ажиллахаа тэрбээр илэрхийлэв.

Уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Аж үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат, Солонгосын Хөгжлийн агентлагийн төслийн менежер Сон Ён Кван, Ха Жин Хёк, На До Сунг болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *