Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ХЭН ХЭНИЙГ ТОМИЛДОГ ВЭ

0

 

Ард түмэн УИХ-ын гишүүдийг сонгож, өөрсдийн эрх мэдлийг тэднээр төлөөлүүлэн хэрэгжүүлдэг. Тэгэхээр УИХ-аас ихэнх томоохон албан тушаалтнууд томилогдох учиртай логик бий. Манай улсын хувьд Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр “давхар дээл”-тэй сайд нарын тоог хязгааргүй болгосноор, УИХ-аасаа хүчтэй Засгийн газар бүрэлдээд байгаа нь үнэн. Нөгөө талаар, шууд эрх мэдэл бага гэдэг Ерөнхийлөгчийн институт ихэнх чухал томилгоон дээр өөрийн нөлөөтэй оролцдог.

Ер нь төрийн гурван өндөрлөг хэнийг томилох, эсвэл томилохоор санал оруулах хуулийн зохицуулалттай байдаг вэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ онд УЕП-ыг томилно

Ерөнхийлөгчийн болон Шүүхийн тухай хууль шинэчлэгдсэнээр, шүүх эрх мэдэл дэх Ерөнхийлөгчийн институтийн нөлөө тодорхой хэмжээнд багассан. Гэхдээ бүх шатны шүүгчийг, УДШ-ийн Ерөнхий шүүгчийг, ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг тогтоодог хэвээрээ. Гэхдээ У.Хүрэлсүхийн хувьд эдгээр шүүхэд холбогдох эрх мэдлээсээ татгалзаж байна хэмээн мэдэгдэж байв.

Улсын дээд шүүх: Ерөнхийлөгч бүх шатны шүүгчийг томилох эрхтэй. Харин Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг УДШ-ийн санал болгосноор Ерөнхийлөгч 3-6 жилийн хугацаагаар томилдог. Өнөөгийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг 2020 онд томилогдсон гэвэл түүний бүрэн эрхийг хөндөж болох хугацаа үүсээд байгаа. Засгийн газрын хувьд Д.Ганзориг шүүгчтэй таагүй харилцаатай ч Ерөнхийлөгчийн хамгаалалт байсаар байгааг илтгэдэг.

Улсын ерөнхий прокурор: УЕП-ыг томилох тухай саналаа Ерөнхийлөгч УИХ-д оруулдаг. УИХ томилдог. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хүн УЕП-оор орж ирдэг гэсэн үг. Өнөөгийн Улсын ерөнхий прокурор Д.Жаргалсайхан 2019 оны наймдугаар сард, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санал болгосноор томилогдож байсан. Тэгэхээр бүрэн эрх нь энэ жил дуусна, У.Хүрэлсүх хэнийг оруулж ирэхээ бодно.

Шүүхийн ерөнхий зөвлөл: ШЕЗ-ийн дарга бөгөөд гишүүдийг мөн Ерөнхийлөгч томилно.

Зэвсэгт хүчний жанжин штаб: Жанжин штабын даргыг Ерөнхийлөгч томилно, гэхдээ УИХ-тай зөвшилцөнө гэсэн хуультай. Энэ нь томилоход УИХ-ын шийдвэрийг хүлээнэ гэсэн үг биш, ямар нэг саад болохгүй бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрх юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанкны шинэ Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлнэ

УИХ-д Засгийн газар хүртэл ажлаа тайлагнах ёстой. Гэхдээ яам төдийгүй ихэнх харьяа агентлагуудын даргыг Засгийн газрын хуралдаанаар томилдог. Харин доор дурдсан албан тушаалыг УИХ-ын дарга нэр дэвшүүлдэг хуультай.

Хүний эрхийн үндэсний комисс: Комиссын даргыг гишүүдийнх нь дотроос УИХ-ын дарга санал болгодог. Ингэснээр зургаан жилийн хугацаагаар Улсын Их Хурал нэг удаа томилно. Г.Занданшатарын үед Д.Сүнжидийг томилсон.

Үндэсний аудитын газар: Дарга буюу Улсын ерөнхий аудиторыг мөн УИХ-ын даргын санал болгосноор УИХ томилно. 2023 оноос хойш Д.Загджав орлогчийн статустай ажиллаж байна.

Санхүүгийн зохицуулах хороо: СЗХ-ны даргыг УИХ-ын дарга санал болгож, УИХ-аас томилно. Хамгийн сүүлд энэ онд Д.Амарбаясгалан Т.Жамбалжамцыг санал болгосноор СЗХ шинэхэн даргатай үйл ажиллагаа явуулж байна.

Үндэсний статистикийн хороо: УИХ-ын дарга санал болгон, УИХ-аас зургаан жилийн хугацаагаар томилох ижил хуультай. Хамгийн сүүлд 2021 онд УИХ-ын дарга Г.Занданшатар Б.Батдавааг санал болгон томилсноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.

Сонгуулийн ерөнхий хороо: Ижил зохицуулалттай бөгөөд, СЕХ-ны Нарийн бичгийн даргыг мөн УИХ-ын дарга санал болгодог. 2020 оноос хойш П.Дэлгэрнаран СЕХ-ны даргаар ажиллаж байгаа.

Монголбанк: Хараат бусаар, бие даан мөнгөний бодлогыг тодорхойлж ажиллах Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ-ын дарга санал болгож, зургаан жилийн хугацаагаар томилно. Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа энэ арваннэгдүгээр сард дуусах бөгөөд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дараагийн зургаан жилд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллах эрхмийг “сонгох” хүлээлттэй байгаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа өөрөө бүрдүүлж, агентлагийн дарга нарыг томилохоос гадна АТГ-ын дарга хүлээлттэй байна

Ерөнхий сайдын эрх мэдэлд сүүлийн зургаан жил томоохон өөрчлөлтүүд орсон. Тухайлбал, танхимаа шууд өөрөө бүрдүүлнэ. Сайд нараа өөрөө мэдэж томилно гэсэн үг. Ингэхдээ УИХ-ын гишүүд дотроос ч томилох боломжтой. Үүнийг дагаад, УИХ-ын даргаас удирдлагыг нь санал болгодоггүй бусад бүх агентлагийн даргын томилгоо Засгийн газраар ордог.

Түүнчлэн, аймгийн Засаг даргыг тухайн орон нутгийн ИТХ-ын нэр дэвшүүлснээр мөн Ерөнхий сайд томилох болсон. Л.Оюун-Эрдэнэ нь эрх баригч намын даргын хувьд, МАН олонх бүрдсэн ИТХ-тай аймагт түүний санал давамгай хайрцаглагдах магадлал бий. Жишээ нь Ховд аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Э.Болормаа юм.

Түүнээс гадна хоёр чухал албан тушаал байна.

Авлигатай тэмцэх газар: АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд нэр дэвшүүлдэг болоод багагүй хугацаа өнгөрч байна. 2021 онд өнөөгийн АТГ-ын дарга З.Дашдавааг У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхрдаа томилуулсан. Бүрэн эрхийн зургаан жил нь энэ тавдугаар сард дуусна. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээр тун удахгүй АТГ-ын даргын томилгоо орно.

Цагдаагийн ерөнхий газар: Сануулах зорилгоор дурдахад, ЦЕГ-ын дарга гэдэг чухал албан тушаалыг Засгийн газраас томилдог. Мөн Тагнуулын ерөнхий газрын даргын томилгоо ч үүгээр орно.

Төгсгөлд нь Үндсэн хуулийн цэцийг бичих хэрэгтэй. Ерөөс бүхий л шийдвэр Үндсэн хуульд нийцсэн эсэхийг дэнсэлдэг томоохон байгууллагын даргыг гишүүд нь олонхын саналаар сонгодог. Харин гишүүдийг нь Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь дэвшүүлдэг.

Тодруулбал, Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор томилдог билээ. Үүгээрээ цэцийн гишүүд санал зөрөлдөх, дотроо хуваагдах асуудал ч гарсаар байна.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *