Р.Булгамаа: 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон гэмтнийг торгоод өнгөрдөг Монгол шиг улс өөр байхгүй

Охид эмэгтэйчүүдийг хүчиндэх гэмт хэрэг улам ихсэх хандлагатай болсныг нэмж бүртгэгдсээр байгаа аймшигт хэргүүд нотолно. Хохирогчийн ой тойнд мартагдашгүй хар толбо үүсгэдэг бэлгийн хүчирхийлэлд нөлөөлж байгаа хүчин зүйл юу байж болох талаар хүний эрхийн хуульч Р.Булгамаатай ярилцлаа.
–Охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэгчид тооцох хариуцлагыг хуулиар чангаруулаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч гэмт хэргийн тоо буурахгүй улам ч нэмэгдэх хандлагатай болсон мэдээлэл байна. Хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд тууштай ажилладаг хуульч хүний хувьд та үшний шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Бусдад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээд уг үйлдлээ харгис хэрцгий аргаар үйлдсэн, хохирогчийг тохуурхаж дээрэлхсэн, жирэмсэн болгосон, бэлгийн замын халдварт өвчин халдаасан эсвэл хохирогчийн хамаарал бүхий ойр дотнын харилцаатай хүн зэрэг шалтгаантай бол хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэж үзэж. 5-12 жилийн хорих ял эдлүүлэх хуулийн заалттай. Хэрвээ хохирогч 14-өөс доош насны буюу бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэж, халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол 12-25 жил хорих ял оногдуулж байна. Энэ гэмт хэргийн улмаас хүүхэд нас барсан бол бүх насаар нь хорих ял оногдуулдаг. Ингээд үзвэл бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн ялын бодлогыг бага гэж хэлэх арга байхгүй. Тэгвэл яагаад ийм төрлийн гэмт хэргийн тоо жил ирэх тусам улам өсөөд байна вэ? Охид эмэгтэйчүүдийн халдашгүй эрхэнд халдаж байгаа хэргийн эрүүгийн хариуцлагыг чангатгая гэдэг асуудлыг хөндөж, 2023 оны 12 сард Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. 12-20 жил хорих ял оноодог байсныг 25 жил хүртэл ял эдэлдэг болгож нэмсэн. Өөрөөр хэлбэл ялын таазыг 5 жилээр нэмсэн ч энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байна. Яагаад хүүхэд хүчиндсэн этгээд давтан хэрэг үйлдээд байна вэ? Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн тоо буурахгүй байгаад бид дүгнэлт хийх учиртай. Сүүлийн 5 жилийн байдлаар гарсан хэргүүдэд манай баг дүн шинжилгээ хийж үзсэн.
2019- 2024 он хүртэл 1600 гаруй хүүхэд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг буюу хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон байгаа юм. Дунджаар өдөрт 1 хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж8 айдас хүйдэстэй нүүр тулдаг гэсэн үг.
Яагаад буурахгүй байгаа талаар эргэцүүлж үзлээ. Иргэдийн дунд “Бусдын хүүхэд хохирчээ. Манай хүүхдийг дайраагүй юм чинь, биднээс хол өнгөрсөн хэрэг” гэж харж байгаа хүн цөөнгүй бий. Тэр хүмүүсийг би анхаарал хандуулаасай гэж хүсэж байна. Магадгүй өнөөдөр хохирч байгаа тэр бяцхан охин ирээдүйд танайд бэр болоод ирнэ. Ирээдүйд биш одоо ч таны хүүхэдтэй нэг ангид суралцаж байгаа шүү дээ. Бид ийм айдас хүйдэстэй нийгмийг өөрчлөх ёстой. Хууль зүйн сайдаар Б.Энхбаяр ажиллаж байхад бэлгийн хүчирхийлэл үйлдэгчид өгөх ялыг нэмэх ёстой гэж нийгмээрээ 1 шуугьж байгаад нэмүүлсэн шүү дээ. Гэтэл ял нэмээд ийм хэрэг цөөрөөгүй. Ганцхан жилд 20 хувиар өссөн байна. Маш харамсалтай. Би хэлсэн тооныхоо төлөө хариуцлага хүлээхэд бэлэн. 2019-2024 оны байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.4 буюу 0-14 насны 990 гаруй хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болжээ. Энэ аймшигт хэрэгт өртөж хохирсон хамгийн бага насны хүүхэд 2 настай. Ой 8 сартай эрэгтэй хүүхэд Замын-Үүдэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болоход, бид хэдхэн өдөр шуугиад л мартсан шүү дээ. Өнгөрсөн жил 6-хан настай охин бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хэрэг дээр ажилласан. 6-хан настай бяцхан охин шүүх хурлын танхимд мэдүүлэг өгөөд зогсож байсныг төсөөл дөө. “Шүүгч ах нар аа! Та нар миний үгийг сонсооч. Яг ийм явдал болсон” гээд нүдэндээ нулимс цийлгэнүүлээд ярьж байхад хажууд нь сууж буй өмгөөлөгч битгий хэл, тэр хэргийг шүүх гээд сууж байсан шүүх бүрэлдэхүүн тэр чигээрээ маш хүнд байдалтай болсон. Ийм зовлонг хүчиндэх гэмт хэргийн хохирогчтой ойрхон байдаг хүмүүс сайн мэднэ. Хамтдаа уйлж, хамтдаа зовлонг нь хуваалцдаг. Энэ бүхний эцэст би 1 л зүйлд сэтгэл зовниж явна. Бид хуулиар бүх насаар нь хорих ял оногдуулдаг ч юм уу эсвэл 12-25 жилийн хугацаанд гэмт хэрэгтэн хариуцлагаа хүлээгээд шорон явлаа. Гэхдээ хохирогч хохирогчоороо л үлддэг. Нийгэмд хэн гэдэг аль сургуулийн ямар хүүхэд хохирогч болсон бэ гэж хэсэг шуугина. Үүний дараа хохирогч хүүхэд ангидаа очихоос ичдэг, айдаг, эмээдэг. Улмаар өөрийгөө нийгмээс тусгаарлаж ирдэг. Эрэгтэй хүний царай харахаараа сүнс нь зайлтлаа айдаг. Дагжин чичирдэг. Шөнөдөө хар дарж зүүдэлдэг. Хүүхдийн хүүхэд насыг хулгайлсан тэр аймшигт хар явдлыг мартуулж сарниулна гэдэг тун хэцүү болохыг хажууд нь байдаг хуульч өмгөөлөгчид биеэрээ мэднэ. Тийм учраас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг хөндөөч ээ гэдэг байр суурийг илэрхийлсээр 10 жил болж байж, 2024 оноос хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлдэг хуулийн зохицуулалт бий болсон. Өнөөдөр шүүх эмнэлэг 1-5 зэргээр хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоож байгаа. Гэм хорыг үнэлсэн үнэлэмжээр шүүхээс нөхөн олговор олгох тухай шийдвэр гаргадаг. Харамсалтай нь хүүхдүүдийн өмнөөс асран хамгаалагч тэр нөхөн олговрыг аваад зарцуулчихдаг. Жишээлбэл: Хохирогч хүүхдийн сэтгэцэд учирсан гэмтлийг илаарьшуулах, даван туулах сэтгэл заслын үйлчилгээнд зарцуулах ёстой мөнгийг зориулалтаар нь зарцуулахгүй байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэл санааг эмчлэхэд биш, эд материал, өр ширэндээ өгчихдөг нь бодит үнэн. Тэгэхээр бид хохирогчийн сэтгэл санааг эмчлэхэд мөнгө зориулах гэж байгаа бол механизм тогтолцоогоор нь уяж өгмөөр юм билээ. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд зарцуулах мөнгөний хэдэн хувиар албадан сэтгэл заслын эмчилгээнд зарцуулах ёстой юм бэ гэдгийг тодорхой болгож, зохицуулж өгмөөр байгаа юм. Ер нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж торгож, аваад байгаа мөнгө эргээд ийм л зүйлд зарцуулагдах ёстой. Хэдэн 10 тэрбумаар нь хураагаад байгаа торгууль, зөрчлийн мөнгө эргээд гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх ажилд эсвэл гэмт хэргийн хохирогч болсон хүмүүст хүрдэг үү гэдэгт бодлогын хүрээнд дүгнэлт хийх цаг нь болжээ.
–Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо бидэнд юуг өгүүлж байна вэ?
-1600 хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон. Энэ бол зөвхөн хохирсон хүүхдүүдийн тоо. Үүний цаана насанд хүрсэн эмэгтэйчүүд, ээжүүд бас хохирогч болсон байгаа шүү дээ. Тэр тухай ярихад цаг хүрэлцэхгүй биз. Статистик тоог аваад үзвэл жилд 700-800 охид бүсгүйчүүд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байна. Зөвхөн ийм хэрэгт холбогдож хохирсон хүүхдийн тоо л 300-400 орчим байна. Ерөнхий боловсролын сургуулийн 1 ангийг 35 хүүхэдтэй гэж тооцвол 10 бүлгийн хүүхдүүд тэр чигээрээ хохирогч болсонтой адил их тоо байгаа биз. Тэр чинээгээрээ сэтгэхүйн хувьд асар их гэмтэлтэй бүхэл бүтэн арми бий болгож байгаагаа дүгнэж, анхаарах цаг болсон гэдгийг нь хэлэх нь зүйтэй.
–Охидын эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийг хэрхэн бууруулах вэ? Ялын бодлогоо чангатгаад нэмэр болсонгүй. Таны харж байгаагаар ямар гарц байна вэ?
-Хүүхэд гэмт хэргийн хохирогч, холбогдогч болж байгаа асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх дайны хүрээг хамарсан. Гэмт хэргийн улмаас Монгол Усад жилд 100 хүүхэд нас бардаг. 1500-1600 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна. Гэмт хэргийн холбогдогч болсон хүүхдийн тоо 2000 давсан. Цогцолбор сургуулийн дайтай олон хүүхдээ бид гэмт хэргийн ертөнцөд оруулчхаад, хүүхэд хамгааллын бодлогыг, хүүхдэд хайртай Монгол Улсыг бий болгож байгаа хэмээн худлаа лоозогнохоо больчих хэрэгтэй. Хүүхэд хамгааллын чиглэлд жилдээ 700-800 сая төгрөг зарцуулдаг байхад бид шаардсаар 20 гаруй тэрбум төгрөг болсон. Энэ мөнгийг хүүхдийг гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэх ажилд зарцуулах учиртай. Хүүхэд хамгаалах ажилд бид ач холбогдол өгч анхаарах шаардлагатай.
Өнгөрсөн 7 хоногт болсон 1 жишээ ярья. Чингэлтэй дүүрэгт болсон хэрэг. 13 настай хүүхэд гар лугаа хар тамхи хүчээр шахуулаад, хүчирхийллийн хохирогч болсон байна. Хүүхэд нь алга болчхоор аав ээж нь дуудлага өгсөн байдаг. 8-р ангийн охин хүүхэд хороон дээрээ очиж, гомдол мэдүүлэг өгнө. Гэмт хэргийн шинжтэй гээд дүүрэг рүү явуулна. Дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгнө. Гэмт хэрэгт өртөөд, хохирсон хүүхэд хохирогч болсноо мэдүүлэхийн төлөө дахин хохирч, давхар ядардаг, туйлддаг. Хохирсон хүүхдийг нэмж хохироогоод байгаа энэ явдалд аргаа бараад Улсын мөрдөн байцаах газрын хүүхэд үйлдсэн гэмт хэрэг, хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хэлтэст шууд өргөдөл гомдлоо бариад очсон. 2 хэлтэс зэрэг мөрдлөг явуулах шаардлага үүссэн хэрэг л дээ. 1-рт, хэд хэдэн хүн дамжуулж, хар тамхи хэрэглэсэн, дээрээс нь тариураар тарьсан. Хар тамхины хэлтэст бас мэдүүлэг өгч байгаа юм. Мэдүүлэг өгөх явцад хууль ёсны төлөөлөгч гэр бүлээс 1 хүн, өмгөөлөгч байлцах учиртай. Энэ бүх процесст сэтгэлзүйч хажууд нь байж байх ёстой. Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагууд, хүүхдийн эрхийн байцаагчид энэ процесст зэрэг ажиллаж байх шаардлагатай байна. Гэвч бодит байдал дээр өмгөөлөгчөөс өөр хүн хохирсон хүүхдэд анхаарал тавихгүй байгаа шүү дээ.
Хохирогч хүүхдийн мэдүүлгийг нь хурдан өгүүлчихвэл шүүх эмнэлэгт аваачиж шинжилгээ эрт өгөх шаардлагатай. Түүнчлэн хохирогч хүүхдийг ар гэрт нь буцаах нь аюултай. Хар тамхины сүлжээг илчилж байгаа учраас аюул заналхийлэлд өртөх магадлалтай.
Өвөрхангай аймагт гарсан харамсалтай хэрэг байгаа шүү дээ. Хохирогч хүүхдийг хамгаалалтад аваагүйгээс болоод холбогдогч талын ах дүү, хамаатан садан, хамаарал бүхий субьектүүдийн заналхийллээс болоод, хүүхэд амиа хорлосон. Бид дээрх гашуун түүхийг давтаж болохгүй. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах асуудалд бид ийм төрлийн хэрэг гарсан тохиолдолд хүүхэд рүү чиглэх үйлчилгээнүүдийг уялдуулж өгөх хэрэгтэй байна. Мөн урьдчилан сэргийлэх ажилд анхаарах ёстой.
–Энэ ажлыг хэрхэн зохион байгуулбал оновчтой вэ. Та юу гэж харж байна?
-Зайлшгүй ярих ёстой бас 1 зүйл бол хүүхдийг бэлгийн хүчирхийллийн хохирогч болгохгүйн төлөө анхаарах ёстой. Хүүхдийг асран хамгаалагчдыг хариуцлагажуулах хэрэгтэй байна. УИХ-аар удахгүй Гэр бүлийн тухай хууль хэлэлцэнэ. Бага насны хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирогч, холбогдогч болсон тохиолдолд эцэг эх нь ч гэсэн хариуцлага хүлээдэг зохицуулалт руу явах учиртай. Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн үүднээс авч үзвэл насанд хүрээгүй хүүхэд гэдэг тухайн нийгмийн харилцаанд оролцож байгаа үйлдлийнхээ гэм бурууг мэдэх үүрэггүй, мэдэх ч шаардлагагүй. Хийж байгаа үйлдэл нь зөв буруугийн төлөө хариуцлага хүлээх ёсгүй. Эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдийг хүүхэд гэнэ гэж томьёолсон байдаг. Тэдний өмнөөс хэн хариуцлага хүлээх ёстой вэ гэхээр эцэг эх, асран хамгаалагч, харгалзан хүмүүжүүлэгч нар шүү дээ.
Гэтэл өнөөдөр миний ширээн дээр хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийг өмгөөлж орсон шүүх хурлын шийдвэрүүд хавтсанд багтахгүй болтлоо зузаараад, эх хувиараа байж байна. 1 жишээ дурдахад: 13-хан настай Э гэж охин өвөөтэй нь даалуу тоглодог 2 өвөөгийн бэлгийн хүчирхийллийн хохирогч болж, бүтэн жилийн турш хүчирхийлэлд өртсөн хэрэг бий. Бид дараалан 2 өвөөгийн шүүх хуралд орж, бүтэн жилийн турш явсаар хариуцлагыг нь хүлээлгэсэн. Хэрэгт холбогдогч “Өдий 70 насны босгон дээр улаан махны хэрэгт холбогдлоо” гээд хорих 461-р анги руу орох гэж байгаад өөрийгөө зүсэж, амиа хорлохыг завдсан байх жишээтэй.
Ахиад 1 жишээ. Төрсөн аав нь охиноо үеэл дүүгийнхээ охинтой цуг хүчирхийлдэг байсан. Ээж нь болоод, гэрийнхэндээ хэлбэл ээжийг чинь болон гэр бүлийнхнийхээ хоолойг хэрчинэ гэж хүүхдээ заналхийлдэг нь тогтоогдсон. Тэр бүү хэл бузар үйлдлээ “Аав нь чамайг хайрлаж, энхрийлж байна. Бэлгийн харилцаа бол хайрлах хэлбэр юм” хэмээн өөрийнхөө гэм буруутай үйлдлийг хаацайлж, бага насны хүүхдийн тархи толгойг угааж, гэмт хэрэг үйлддэг байсан муухай түүх бий.
Гэмт хэргийн өнгө хүртэл өөрчлөгдөж байна. Ялангуяа ураг садны хамааралтай хүчингийн гэмт хэрэг өндөр хувиар нэмэгдлээ. Судлаачид ураг төрлийн хамааралтай хүчиндэх гэмт хэрэг нийт гэмт хэргийн 80 орчим хувийг эзэлж байгааг хэлдэг. Ураг садны хамааралтай байх тусмаа тухайн гэмт хэрэг нуугдмал болж, өссөөр байх аюултай. Хохирогчдын ар гэрийнхэн “Манай гэр бүлийг авч явдаг аав, өвөөг чинь шоронд явуулаад яах вэ” гэж өөгшүүлдэг. “Аав чинь л бидний амьдралыг авч явж байна. Амьжиргааг залгуулж байна. Миний охин битгий гомдол гарга” гээд хэлээд сууж байдаг ээжүүд байдаг, таардаг. Дээр нь шүүх хурал дээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ мэдүүлэгт нөлөөлж эхэлдэг. Энэ тохиолдолд хүүхдийн эрхийн байгууллагын төлөөлөл оролцож, хүүхдийг нөлөөллөөс хамгаалах, зэрэгцэж ажиллах шаардлагатай юм билээ.
–Хуулийн зарим 1 зохицуулалт оновчгүй эсвэл хариуцлагаас мултрах боломжийг гэмт этгээдэд олгодог юм биш байгаа?
-Хүүхэд нийгмийн харилцаанд оролцсоныхоо төлөө хариуцлага хүлээдэггүй гэдгийг томчууд бид ойлгох ёстой. Жишээ нь: 14-16 насны охидтой бэлгийн харилцаанд орсон хүмүүс мэдүүлэг өгөхдөө “Хүүхэд өөрөө эхэлсэн. Өөрөө эхэлж биед хүрч илж таалсан. Өөрөө бэлгийн харилцаа хийх сонирхолтой байсан. Өөрт нь таалагдаад хүсэж байна гэдэг утгаараа харилцаанд орсон. Хүчиндэх гэмт хэрэг биш” гэж мэлздэг. Тэднийг ингэж хэлэхэд нөлөөлдөг хуулийн зохицуулалт бий. Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 гэдэг зүйл заалтыг олон жил ярьж байгаа ч өөрчлүүлж чадахгүй байна. Монгол шиг 14-16 насны хүүхэд хүчиндсэн этгээдийг бэлгийн харилцаанд орсон байна хэмээн торгоод өнгөрдөг, ийм хөнгөхөн хариуцлага хүлээлгэдэг улс Дэлхийд өөр байхгүй. 18 насанд хүрсэн хүн 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй болохыг нь мэдсэн, мэдэх боломжтой байсан этгээдэд 450-5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 1 жилийн хорих ял оногдуулдаг. Тэгвэл хуулийн дагуу 1 жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ял болгуулах боломж нь нээлттэй. Ингэж ялаас мултарсан этгээдүүд хохирогчийн хажуугаар инээд алдаад явдаг. Өөрөөр хэлбэл: Хүчиндэх гэмт хэргийг өнөөдөр хохирогчид нөлөөлөх маягаар “14-16 насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох” гэдэг зүйл анги руу хөрвүүлж, ял завшиж байна. Үүнийг өөрчлөх ёстой. Өчигдөрхөн 14 нас хүрээд, өнөөдөр бэлгийн харилцаанд орсон хүүхдийг бид том болсон гэж үзэж болох уу? 14 нас 1 хоногтой хүүхдийг хүчиндчихээд, 12.5-аар зүйлчлээд, хариуцлага хүлээлгэж торгодог байдал энэ чигээрээ үргэлжилж болохгүй. Хууль тогтоогчид үүнд анхаарах шаардлагатай. Ийм хуулийн зохицуулалт байснаар гэмт хэрэгтэн хохирогчид нөлөөлж, 12.5 гэсэн зүйлээр шийдүүлдэг тохиолдол амьдрал дээр байдаг. Тэр бүү хэл хохирогчийн эцэг эх нь зээлийн гэрээ байгуулчихсан жишээ хүртэл гарч байсан. “50 сая төгрөг авахаар болж, зээлийн гэрээ байгуулсан юм. Нөгөө тал 50 саяа өгдөггүй, өмгөөлөгч өө. Та туслаач” гээд ирж байсан эцэг эх таарч байлаа. “Танд хүссэн мөнгийг чинь өгье. Та миний нөхрийг өмгөөлөөд өгөөч. Охин маань миний анхны нөхрийн хүүхэд. Хойд аавыгаа хүчиндсэн гээд мэдүүлэг өгөөд байна. Та миний ханийг өмгөөлөөд өгөөч. Манай хуучин хадмуудын хийж байгаа ажил” гэж хэлээд ирж байсан ээж хүн ч байдаг.
Хүн үзэл бодолдоо үнэнч байх хэрэгтэй. Хэчнээн төгрөг амлаж, ширээн дээр хэчнээн олон боодол мөнгө тавьсан ч гэсэн би хүүхэд, эмэгтэйчүүдийнхээ эрхийн төлөө л зогсоно гэж хэлээд гаргаж байсан. Ер нь бол би хүчиндэх гэмт хэрэг хийсэн этгээдийг тусламж хүсээд ирэхэд “Үгүй” гэж хэлдэг.
Сүүлийн 5 жилд Монгол Улсад гарсан, охид, эмэгтэйчүүдийг хүчиндсэн хэргийн 20-30 хувьд нь би өмгөөлөгчөөр ажиллажээ. Энэ хугацаанд 7 хүртэлх насны 110 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байна. Дөнгөж 1-р ангийн сурагч болж байгаа бяцхан хүүхэд шүү дээ. Жил бүр 20 бяцхан сахиусан тэнгэр энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болжээ. Ийм жаахан охидыг хүчиндэж байгаа этгээдийг эрүүл хүн гэж үзэх үү? 8-13 насны 685 хүүхэд сүүлийн 5 жилд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон, 14-17 насны 835 хүүхэд хохирогч болсон байна. Хохирогчид бүгд охид байгаагүй. 77 эрэгтэй хүүхэд хүчиндүүлсэн байгаа юм. Асрамжийн төвд бэлгийн хүчирхийлэлд насанд хүрээгүй хүүхэд өртсөн 3 ч хэрэгт өмгөөлөгчөөр ажилласан. Унаач хүүхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсныг өмгөөлж байлаа. Хөвгүүдийг хүртэл хүчирхийлдэг хүчингийн хэргүүдийн жишээг би шүүхээр батлагдсан жишээнүүдээс ишилж ярьж байна. Үүний цаана бас 1 санаа чилээж байгаа асуудал нь Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан статистикаар 0-14 насны 98 хүүхэд, 14-18 насны 11878 хүүхэд жирэмсэн болж төрсөн байна. 0-14 насны 215 хүүхэд, 14-18 насны 2950 хүүхэд үр хөндөлт хийлгэжээ. Энэ юу болж байна вэ? Үнэхээр анхаарахгүй байж боломжгүй их тоо байгаа биз дээ. Тэднийг хэн нэгний хүчинд автаагүй гэх баталгаа байна уу? Хүчиндэх гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийг харахад 18-45 насны этгээдүүд гол төлөв байна. Ийм хэрэг хийж байгаа этгээдүүдийн сэтгэл зүйг судлах шаардлагатай байгаа юм. Гэмт хэрэг гараад байгаа криминологи учир шалтгааныг улсын хэмжээнд нарийвчлан судлан тогтоох шаардлагатай үүсээд удлаа. Ажилгүй, орлогогүй, дээр нь эргэн тойрондоо байгаа биеэ хамгаалах чадваргүй хүүхдүүдийг далимдуулж хохироодог этгээдүүд байна. Хохирсноо тэр бүр хэлж чадахгүй, хэлэхээс нь өмнө айлган сүрдүүлж эрхшээлдээ байлгаж чадна гэдэг итгэл үнэмшлээр хүүхдүүдийг хүчиндээд байгаа этгээдүүд бий. Гэмт хэрэгтэн дэргэд л байдаг. Замын цаана байгаа танихгүй хүн айлын хүүхдийг хүчиндээд байдаг тохиолдол цөөхөн. Эцэг эхчүүдийн хувьд үр хүүхдэдээ тавих хараа хяналт хангалтгүй байна. Үр хүүхдээ үл хайхарснаас болж энэ төрлийн гэмт хэрэг гарч байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнө хүүхдээ хамгаалах үүрэгтэй шүү дээ. Төрөөс бидний хүүхдийн төлөө хангалттай анхаарал хандуулж байна. Хүүхэд хамгааллын төсөв нэмж хүүхэд гэр бүл хариуцсан 750 гаруй нийгмийн ажилтныг бий болголоо. Арга ядсан арга шүү дээ. Төрөөс хүүхэд хамгааллын байруудыг олноор нь бий болгоод энэ асуудал шийдэгдэхгүй ээ. Эцэг эхчүүдийн хараа хяналт сайжирч байж хүүхэд гэмт хэрэгт өртөх нь багасна.
–Хохирогчийг, тэр дундаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг нийгмээрээ нэмж гадуурхаж, нэмж хохироох асуудал бий. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зохилтой юм бол?
-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд насан туршдаа нүдэндээ айдастай байж, үргэлж хүчирхийллийн хар сүүдэр араас нь дагах хэмжээнд сэтгэл зүй нь гэмтсэн гэдгийг бид ойлгох ёстой. Тэр бүү хэл шүүх хурал дээр хүртэл хохирогчийг нэмж хохироох явдал гарч байлаа. Хохирогч өөрөө 5 жилийн өмнө улаан гэрлээр орж торгуулж байсан, зөрчил гаргадаг этгээд байна хэмээн хохирогчийг буруутгаж байсан жишээ бий гэж бодохоор өнөөдөр Монголын нийгэм ямар хэмжээнд байгаагийн тод жишээ байхгүй юу. Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн бол хөөн хэлэлцэх хугацаатай. Торгуулиа төлсөн бол зөрчлийн мэдээллийг хасдаг байх хэрэгтэй шүү дээ. Бодит байдал дээр хохирогчийг гэр бүл нь хүртэл буруутгадаг. Чи яах гэж ингэсэн юм, тэгсэн юм чамаас болж шүүх цагдаагаар явж байна гэж дарамталдаг. Хохирогчийн мэдээллийг задруулаад нийгмээрээ шүүж тохуурхдаг. Мэдээлэл задруулсан этгээдийг олж хариуцлага тооцдог механизм ч алга. Хохирогчид маш дарамттай байхад дээр нь нийгэм гэр бүлээс ирэх дарамт хохирогчийг амиа хорлоход хүргэх тохиолдол хүртэл бий.
–Таны өмгөөлж байсан хамтран амьдрагч бүсгүйгээ нохойд идүүлсэн хэрэг дээд шүүх рүү давж заалдаад явж байгаа гэх мэдээлэл байна?
-Онц хэрцгийгээр үйлдэгдсэн гэмт хэргийн тухай асуулаа. Гэмт хэргийн хохирогч залуухан маш үзэсгэлэнтэй бүсгүй байсан. Хамтран амьдрагч нь маш олон тооны гадаад үүлдрийн нохой тэжээдэг, түүнийгээ үнэ хүргэж зардаг, хар тамхины хамаарал бүхий этгээд. Тэрээр анхан болон давж заалдах шатны шүүхээс хамтран амьдрагчаа онц хэрцгийгээр амийг нь бүрэлгэж нохойд хаяж өгсөн гэдэг үндэслэлээр шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон байдаг. Хохирогчоос гавлын яс, зарим тооны цөөхөн яс л хэргийн газраас олдсон. Хохирогчийн ар гэрийн хувьд маш хүнд үйл явдал. Охиныхоо бүтэн бүлээн бие цогцсыг ч олж хараагүй ээж хүн, эгч дүүс нь ямар байх вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Өмгөөлөгчтэйгөө сэтгэлээ уудалж шөнө оройгүй ярьж заримдаа уйлдаг байсан. Хүн охин үрээ алдах алдахдаа бие цогцосгүйгээр алдана гэдэг энэ яваа насанд туулахын аргагүй зовлон шүү дээ. Хоёр шатны шүүхээс оноосон ялыг холбогдогч дээд шүүхэд давж заалдахаар хандсан. Дээд шүүх гомдлыг хүлээн авсан байна лээ. Шүүх хурал нь 1 удаа хойшилсон. Удахгүй ахин товлогдох байх гэж найдаж байна. Энэ мэтчилэн охид эмэгтэйчүүд гэмт хэргийн хохирогч болж амь насаа алдах, эрүүл мэнд сэтгэл санаагаараа нөхөж баршгүйгээр хохирох явдал улам бүр нэмэгдсээр. Нийгэм үнэхээр харгис болж байгааг бид мэдэх ёстой. Харгис гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн сэтгэл санаа сэдэл чухам хэрхэн бий болж байгаа тал дээр холбогдох байгууллагууд анхаарч судлах шаардлага үнэхээр бий болжээ гэж үзэж байна. Хүнээс гарамгүй араатанлаг үйлдэл их гарах боллоо. Араатан амьтан хүртэл үр төлөө гишгэлдэггүй байхад 6-хан настай өөрийн эд эсээс ургасан төрсөн охин үрээ хүчирхийлж байгаа этгээдийг хүн гэж хэлэх аргагүй шүү дээ. Өөрийнхөө үр хүүхдээ хайрлахгүй байгаа хүн бусдыг хайрлан энэрэх ойлголт байхгүй. Тийм л аймшигтай хүмүүстэй бид зэрэгцэн амьдарч байна.
–Үр хүүхэдтэй хүн бүрийг анхаарал сэрэмжтэй байхыг сануулж мэдээлэл өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.