С.Бямбацогт сайд утас цохиж, нутаг нэгтэндээ туслаад гянтболдын хэрэгт нэр холбогдсон гэв

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтыг гянтболдын хэргээс “мултарсан” тухай мэдээлэл цахим орчинд хөвөрсөөр байна.
Тодруулбал, Ховд аймгийн Цэцэг сумын нутаг улсын тусгай хамгаалалттай “Цагаан эрэг” гэх газарт 2016-2018 оны хооронд “Өгөөжтэй өв” компани 10 гаруй тэрбум төгрөгийн гянтболд буюу вольфрам хууль бусаар олборлож, хил давуулсан. Ингэхдээ орон нутгийн удирдлагуудтай гэрээ хийж, нөхөн сэргээлт хийх нэрээр халхавчлан 20 гаруй га талбайг ухсан байна. Эл хэрэгт 30 орчим холбогдогч шалгагдсан ч, гурван хүн саяхан шүүхээс ял сонслоо.
- “Белон” ХХК-ийн захирал Р.Баатархүүд долоон жил,
- Прокурорын ТГ-ын дарга асан, Архивын газрын дэд дарга асан Б.Үнэнбат таван жил,
- Х.Бат-Эрдэнэд гурван жилийн хорих ял тус тус сонсжээ.
Бусад яллагдагчдыг 3-18 сая төгрөгөөр торгосон бөгөөд 11 тэрбум төгрөгийг хувааж төлөх аж.
Эл хэрэгт УИХ-ын гишүүн, аймгийн Засаг дарга, аймгийн цагдаагийн дарга, Мэргэжлийн хяналтынхан зэрэг олон төрийн албан хаагчид холбогдсон ч, зарим нь хэргээ тусгаарлуулжээ.
Тодруулбал, тухайн үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ховд аймгийн Засаг дарга асан Д.Галсандондог болон Цагдаагийн дарга нар хэргээ тусгаарлуулж үлджээ.
Тэгвэл энэ хэргийн талаар өчигдөр /2025.03.21/ Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Төрийн ордонд NTV телевизийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа,
“Нөхөн сэргээлт нэрээр нутгийн нэг компани орсон. Тэр асуудал олон жил шүүхээр үргэлжилсэн. Миний нэр хавчуулагдсан. Тухайн үед нутгийн улсуудад тусалсан. Бие биендээ туслах, дэмжих асуудал байдаг. “Яриад хэлээд өгөөч ээ” гэх гуйлтын дагуу ярьж хэлж өгч байсан асуудал бий. Түүнээсээ болоод нэр холбогдож, олон жил гүтгэгдэж байна. Надад хийсэн гэмт хэрэг байхгүй. Утасдаад хэлээд өгчихсөн, сайхан сэтгэлээр хандсан минь өөрт гай болсон” хэмээсэн байна.
Өөрөөр хэлбэл хэргээ хүлээн зөвшөөрсөн агуулга гэдгээрээ олны анхаарлыг татаж байна.