Д.Жаргалсайхантай холбоотой гэгддэг “Цайртминерал” ХХК-ийн хоёр оффист нэгжлэг хийжээ

АМГТГ-ын дарга асан Д.Жаргалсайхантай холбоотойгоор өчигдөр /2025.03.20/ “Цайртминерал” ХХК-ийн хоёр оффист АТГ-аас нэгжлэг хийжээ.
Тодруулбал, тус компанийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь Төмөртэйн овооны цайрын орд газарт байгуулсан уулын баяжуулах үйлдвэрийн оффис, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутагт байдаг G&D төвийн байрыг нэгжсэн байна.
Энэ талаар холбогдох хуулийн байгууллагаас тодруулахад “нэгжлэг хийсэн нь үнэн” гэлээ.
Д.Жаргалсайханыг шалгуулна гэж Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан мэдэгдэж байсан билээ. Тэрбээр “АМГТГ-ын дарга асан Д.Жаргалсайхан Ухаа худаг, Халзан бүргэдэй, Бороо гоулд зэрэг улсын төсвөөр хайгуул хийсэн бүх стратегийн ордыг авлига, албан тушаалын замаар компаниудад олгосон. Д.Жаргалсайхан өөрөө стратегийн гурван ордын далд эзний үүргийг гүйцэтгэж байна” хэмээсэн.
Төмөртэйн овоо хэмээх цайр, хар тугалгын ордын 40 хувийг төр, үлдсэн хувийг “Цайрт минерал” ХХК эзэмшдэг аж. MV-020759, MV-000723 дугаартай ашиглалтын хоёр лицензтэй. БНХАУ, Монголын хөрөнгө оруулсан компани. Монгол талаас “Металимпэкс” ХХК байдаг бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Д.Ганбат, хувьцаа эзэмшигчдээр Д.Дамба, Ц.Дашцэсэнжин, Н.Содномрэнцэн, Д.Жаргалсайхан, Д.Пүрэвээ, С.Хосбаяр нар бүртгэлтэй байдаг.