Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг сэтгүүлчдэд танилцуулж байна

0

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг

  1. 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа: Сонгох, сонгогдох эрх
  2. Хүний эрх хамгаалагч: Өмгөөлөгч, сэтгүүлчдийн өнөөгийн нөхцөл
  3. Хүний эрх ба Технологи
  4. Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл
  5. Насанд хүрээгүй хүний бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчийн эрх
  6. Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт гэсэн бүлэг сэдвийн хүрээнд боловсруулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ хүрээнд 24 дэх илтгэлийг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд танилцуулах уулзалтыг яг одоо /2025.03.21/ зохион байгуулж байна.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн эхний бүлэг болох “2024 оны сонгуулийн үйл ажиллагаа: Сонгох, сонгогдох эрхийн эрх зүйн зохицуулалт” сэдвийг ХЭҮК-ын Д.Сүнжид танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 5 удаагийн шинэчилсэн найруулга, 20 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиар УИХ-ын 9 удаагийн, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой 5 хуулийг баталж, 23 удаагийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 8 удаагийн ээлжит сонгуулийг зохион байгуулсан.

Дээрх хуулиудад “Сонгууль бүх нийтийн байх бөгөөд түүнд сонгогч бүр оролцох эрхтэй” гэж тусгасан ч бүх нийтийн байх зарчим бүрэн хангагдахгүй байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гадаад улсад амьдарч буй иргэд, оюутнуудын сонгох эрх бүрэн хангагдахгүй байна. Мөн ээлжит сонгуулийн санал авах өдөр биеэр ирж санал өгөх хуулийн зохицуулалт нь Монгол Улсын онцлог, монголчуудын амьдралын хэв маягаас шалтгаалан төвлөрсөн суурин газраас алс хол оршин суудаг болон өөр аймаг, сумын нутагт отор нүүдэл хийж байгаа орон нутгийн иргэд, оюутан, улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг ажилтнуудын сонгуульд санал өгөх боломжийг тодорхой хэмжээнд хязгаарлаж ирсэн талаар тэрбээр онцоллоо.

Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа хийх хугацаа богино байгаа нь чөлөөтэй байх зарчмыг зөрчсөн, мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэх хуулийн шаардлага нь олон үзэлд нийцэхгүй байгаа зэрэг асуудлыг хөндөв.

Үргэлжлүүлэн илтгэлийн 2 дугаар бүлэг “Хүний эрх хамгаалагч: Өмгөөлөгч, сэтгүүлчдийн өнөөгийн нөхцөл” сэдвийг Комиссын гишүүн С.Дондов, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал танилцууллаа.

ХЭҮК нь “Өмгөөлөгч, сэтгүүлч хүний  эрх хамгаалагчдын өнөөгийн нөхцөл байдал” судалгаанд 426 өмгөөлөгч, 424 сэтгүүлчийг хамруулан хийж, судалгааны дүнг энэхүү бүлэгт тусгасан юм.

Монгол Улсад 2025 оны 01 дүгээр сарын байдлаар нийт 3097 өмгөөлөгч өмгөөллийн туслалцаа үзүүлж байгаагаас 2238 нь мэргэжлийн үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна.

Өмгөөлөгч хүний эрх хамгаалагч байх эрх зүйн орчин бүрдсэн боловч Өмгөөллийн тухай хуульд заасан өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн баталгааг процессын бусад хуульд ойлгомжтой баталгаажуулах, өмгөөлөгчийн бүрэн, үр дүнтэй, тэгш оролцоог хангах, мэргэжлийн үйл ажиллагааг бие даан эрхлэх баталгааг хангах шаардлагатай байна.

Судалгаанд хамрагдсан өмгөөлөгчдийн 7.3 хувь нь эрх огт хангагддаггүй, 22.5 хувь нь хангалтгүй, 27.9 хувь нь зарим талаар хангагдсан хэмээн хариулсан бол 28.6 хувь нь ерөнхий хангагдсан, 13.6 хувь нь хангалттай сайн хангагдсан хэмээн тус тус хариулжээ.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос авсан мэдээллээр, 2023-2024 онд нийт 19 өмгөөлөгч гэмт хэрэгт холбогдож шалгагдсан бөгөөд 2 өмгөөлөгчид холбогдох хэргийг цагаатгаж, бусад өмгөөлөгчид холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна гэдэг мэдээллийг Комиссын гишүүн С.Дондов өгөв.

Харин Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 2020 оноос хойш жил тутам буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, 2020 онд 513 байсан бол 2023 оны байдлаар 434 болж 79-өөр буурсан. 2023 оны байдлаар 51 сонин, 41 сэтгүүл, 45 радио, 111 телевиз, 186 мэдээллийн сайт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэлээ.

“Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн 2023 оны тайланд Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө 70-аас бага оноотой буюу “асуудалтай” гэж дүгнэсэн бол 2024 онд Монгол Улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөг 51.34 оноогоор “муу” гэж дүгнэгдсэн нь  180 орноос 109 дүгээрт эрэмбэлэгдлээ гэдэг мэдээллийг мөн өгөв.

Бүлгийн танилцуулгатай холбогдуулан сэтгүүлчид сонирхсон асуулт асууж, холбогдох санал, хүсэлтээ илэрхийлж байна.

24 дэх илтгэлийг танилцуулах арга хэмжээнд хэвлэл мэдээллийн 31 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан хамрагдаж байгаа бөгөөд арга хэмжээ үргэлжилж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *