“Нэг нуур, нэг сум-333 нуур” санаачилгыг хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар, Дэлхийн усны өдрийг угтан “Цэнхэр алт” усны үндэсний II чуулганыг “МӨСТӨЛ, МӨСӨН ГОЛОО ХАМГААЛЪЯ” уриан дор хийв.
Чуулганаар Монгол орны уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход усны нөөцийн нэгдсэн менежментийн тулгамдаж буй асуудал, усны нөөцийн жигд хуваарилалтыг шийдвэрлэх арга зам, монгол орны мөстөл, мөсөн гол, цэвдгийн төлөв байдал, хайлалт, өөрчлөлт, ирээдүйн хандлага болон усны салбар дахь төр хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, цаашдын зорилтыг тодорхойлон хэлэлцэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганд хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөөгөөр хуурайшилтын давтамж нэмэгдэж, дэлхийн цэнгэг усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг мөстөл, мөсөн гол хайлж, цэвдгийн алдрал эрчимжиж байна. Энэ нь тогтвортой хөгжлийн зорилтод томоохон эрсдэл учруулж, ундны усны хүртээмж буурч, дэлхийн 3.6 тэрбум хүн усны хомсдолд өртөөд байгааг онцолсон.
Цаашид энэ тоо 2050 он гэхэд 5 тэрбумд хүрч, дэлхийн хүн амын 40 хувь цэвэр усны дутагдалд орох эрсдэлтэй байгааг судалгааны дүн харуулж байна.
Усгүйгээр хүн төрөлхтөн, ан амьтан, байгаль дэлхий дээр оршин тогтнох боломжгүй. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөөгөөр хуурайшилтын давтамж нэмэгдэж, гол горхи, нуур, булаг шанд ширгэж, мөстөл, мөсөн голууд хайлж байгаа үед усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, хуримтлуулахад онцгой анхаарал хандуулсан нээлттэй, бодит үр дүнд хүрэхэд чиглэсэн, гарц шийдлүүдийг хэлэлцсэн чуулган боллоо хэмээн дүгнэж байна.
Усны хууль эрхзүй, засаглалыг сайжруулах, усны нөөцийг хомстох, бохирдохоос хамгаалах, хур тунадас, гадаргын усыг хуримтлуулан, ус хангамжийг сайжруулах, экосистемийн таатай нөхцөлийг бүрдүүлэх “НЭГ НУУР, НЭГ СУМ-333 нуур”, “Дусал бүр” санаачилгыг улсын хэмжээнд хэрэгжүүлнэ.
Санхүүжилтийн арга механизмыг тодорхойлж, хувийн хэвшлийг харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх, хүний нөөцийг нэмэх, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах нэгдсэн зөвлөмж гаргалаа.
Усны салбарын төр болон хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүхий 1200 гаруй хүн оролцжээ.